-ДБЭТ-ын барилгын засварын ажил нэлээд дуулиантай эхэлсэн. Түүхийн үнэт өвөөнураана, өнгө төрхийг нь өөрчлөхөөр болжээ зэрэг мэдээлэл цахим орчинд тархаж байлаа. Түүнчлэн засварын ажлыг энэ сарын 1-нд дуусгана гэсэн ч хугацаанд нь амжуулаагүй юм байна. Ямар шалтгааны улмаас уг ажил саатсан бэ. Гүйцэтгэл хэдэн хувьд хүрсэн бол?
-Театрын барилгын засварыг “Марвел хаус” компанийнхан хийж буй. Хөрөнгө оруулалтаасаа болсон уу, ажил нэлээд удаашралтай, өдгөө 80 хувьтай л байна. Барилгын ханын будгийг хусах, цэвэрлэх зэрэг ажлаа гүйцэтгэсэн. Дээврийн төмрүүдийг сэлбэх ажлыг стандартын дагуу хийсэн. Харин дулаалга хийгээгүй. Цаг агаар хүйтэрсэн, барилгын материалын үнэ нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас засвар удааширлаа. Нарийн чимхлүүр ажлыг өвлийн хүйтэнд хийж болдоггүй. Тухайлбал, театрын барилгын эргэн тойронд маскны 300 гаруй дүрс бий. Харахад зүгээр нэг хүний царайны дүрс мэт боловч чимэглэл нь сэтэрч, өнгө төрхөө алдчихсан нь олон. Тэдгээрээс ердөө 75-ыг нь л сэргээн засаад байна. Театрын барилга нь соёлын өв учраас өнгөц төдий засаж, будаж болохгүй. Нарийн чимхлүүр ажил ихтэй юм билээ. Гаднах засварын тухайд эхлээд барилгын ханын будгийг хуссан, дараа нь цавуулаг хийлээ. Дээр нь чулуун замаск тавьж, хоёр дахь цавуулгаа хийсэн. Улмаар будсан. Одоо гадна эмульс тавьж байгаа.
-Барилгын материал чанаргүй байгаа талаар засварын ажилд оролцсон зарим хүн хэлсэн. Уг ажилд ДБЭТ-ын зүгээс хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллага, Барилгын хөгжлийн төв, Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийнхэн хяналт тавьдаг. Манай байгууллага ч хэрэглэгч, ашиглагч гэдгээрээ байнга хянаж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан гурав, Соёлын яамнаас 12 удаа ирж ажилласан. Өөрөөр хэлбэл, холбогдох байгууллагуудаас тогтмол хяналт тавьж байгаа гэж ойлгож болно. Нийгмийн сүлжээнд манай театрын барилгатай холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байсан. Тэдгээр асуудал нь “Марвел хаус” компанийн дотоод үл ойлголцол, хөрөнгөтэй холбоотой болов уу. Барилгын материалын чанарын хувьд Монгол Улсад мөрддөг бүх стандартыг хангаж байгаа. Дээврийн будагт тодорхой хэмжээний стандарт, шалгуур заасан учраас түүнийхээ дагуу гадаадаас захиалсан юм билээ. Гэтэл тээвэрлэлт гацсанаас шалтгаалан хугацаа алдсан гэж бидэнд мэдээлсэн. Тэр хэрээр зардал нь ч өссөн бололтой.
-Нэг хэсэг театрын дээврийг шинэчлэхээс өөр аргагүй гэж яригдаж байлаа. Улмаар барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэдээлэл ч гарсан удаатай. Ер нь театрынхан одоо ямар нөхцөлд ажиллаж байгаа юм бэ?
-1972 онд МАХН-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр дээврийн асуудлыг хөндөж, засах агуулга бүхий тогтоол гаргаж байсан юм билээ. Ер нь анхаарахаас өөр аргагүйд хүрээд байсан. Тиймээс энэ удаад дээвэрт л засварын ихэнх төсвийг зарцууллаа. Дээвэр дээр олон жил хуримтлагдсан хог, барилгын дулаалга, бэхэлгээ байсан. Тиймээс засвар хийхэд тодорхой хугацаа шаардахбайх. Ингээд зуны гурван сарын турш засаж, ихэнх ажлаа амжуулсан. Одоо хөөсөн дулаалга дутуу байгаа.
-Засварын ажилд инженерийн дэд бүтцийг хамруулсан юм уу. Үүнд анхаарах шаардлагатай гэсэн асуудал бас гардаг шүү дээ.
-“Алсын хараа-2050” хөтөлбөрт үе шаттайгаар засна гэж тусгасан байсан. Энэ жилийн тухайд зөвхөн дээвэр, барилгын гадна төрхийг засах төлөвлөгөөтэй. Соёлын яамнаас гүйцэтгэгч “Марвел хаус” компанид хүсэлт тавьж, театрын гаднах хашааг бас засуулсан. Барилгын тухай, Соёлын өвийн тухай хуульд заасны дагуу хашаа ч гэсэн өвд тооцогдоно. Эдгээр хуульд соёлын өвийн барилгын анхны бүтэц, хийц, төрхийг хадгална гэж заасан байдаг.
-Театрын гаднах төрхийг сайжруулахдаа түүхэн өнгийг нь сэргээнэгэж мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, анхны төрхөөр нь засна гэж байлаа. Гүйцэтгэл нь уг утга агуулгатайгаа нийцсэн үү?
-Дөрвөн өнгөнөөс алийг нь сонгох вэ гэж ярилцаж байлаа. Ажлын явцад түүхийн судалгааг “Инсдо” компанийн ерөнхий архитектор Л.Нямсүрэн хийсэн юм. Үүний үр дүнд анхны өнгийг нь олж тогтоосон. Бор шарга, нүдэнд дулаан өнгөтэй байсан гэх судалгааны үр дүн гарсан. Тухайн өнгө нь цаг хугацаа өнгөрөх явцад гандаад, ягаан болсон юм билээ. Өөрөөр хэлбэл, барилгын өнгө анхнаасаа ягаан байгаагүй. Судалгааны үр дүнд олж тогтоосон өнгөндөө код, тохирлын гэрчилгээ зэргийг гаргуулж, баталсан.
-Театрын засварын өртөг нь 1.9 тэрбум төгрөг гэж Соёлын яамнаас мэдээлсэн. Засварын ажил удааширсан нь төсөвтэй холбоотой гэх мэдээлэл ч бий.
-Соёлын яамнаас ажлын графикийн дагуу төсвийг шилжүүлсэн. Гэтэл “Марвел хаус” компанийнхан болохоор мөнгө орж ирээгүй гэдэг. Бид төсөвтэй холбоотой зүйлийг мэдэхгүй шүү дээ.
-Театрын хаалгыг нэг тэрбум төгрөгөөр хийсэн гэх юм, үнэн үү?
-Монголын урчуудын эвлэлийнхэн “Чингис хаан” музейн хаалгыг хийсэн. Бид ч тус эвлэлд хандаж, судалгаа хийлгэсэн юм. Тус байгууллагаас манай театрт тийм хэмжээний гоё хаалга хийхэд нэг тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн хариу өглөө. Харамсалтай нь, манайд тийм хэмжээний төсөв байхгүй. Тиймээс “Хашмөнх” компани хоёр сая төгрөгийн өртгөөр шинэ хаалга хийж өгсөн.
-Засварын ажлын үеэр театрын үүдний хоёр арсланг хаялаа гэсэн шүүмжлэл ч гарсан. Энэ нь ямар учиртай вэ?
-Соёлын яамнаас уг чиглэлээр түүхийн судалгаа хийсэн. Үүдний хоёр арслан ДБЭТ-ын дансанд бүртгэлгүй, улсын хөрөнгөөр хийлгээгүй. 2002 онд монгол бөхчүүд хийж өгсөн юм. Өвлийн цагт хийж гүйцэтгэсэн учраас амархан элэгдэж, дотроос нь пүрш цухуйчихсан. Нэг савар нь хугарчихсан, сүүл нь тасарчихсан юм. Ер нь өнгө үзэмжээ алдчихсан байсан. Иргэд, Монголын урчуудын эвлэлийнхэн ч энэ арслангуудаа аваач ээ гэдэг санал хэлж байлаа. Түүхийн судалгаагаар дээрх хоёр арслан өв биш гэсэн дүгнэлт ч гаргасан юм. Тэгээд ч өнгө үзэмжээ алдаж, хэлбэр, хийц нь муудсан учраас авч, үүдний хэсгээ чөлөөллөө. Театрын өвийг холбогдох хуулийн зохицуулалтаар л хөдөлгөдөг. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь авдаггүй. Бид Барилгын тухай, Соёлын өвийн тухай хуулиа мөрдөж ажилладаг. Эдгээрийн аль алинд нь өвийн анхны бүтэц, хийц, төрхийг хадгална гэж заасан. Театрын анхны төрхөд нь арслангууд байгаагүй. Тодруулбал, энэ хоёр арслан нь анхнаасаа театрын барилгын өмнө байгаагүй, сүүлд нэмсэн. Нөгөө талаас театрын үүд нь олон улсын стандартаар бол бас нэг тайзанд тооцогддог. Театрын үүдний тайзанд тоглолт хийхэд арслангууд дуу, акустик зэргийг хязгаарладаг байлаа. Эдгээр үндэслэлээр авахаар болсон. Манай театр ирэх жил 60 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ойн баярын нээлтээ үүдэндээ хийнэ.
-Та театрыг өв, түүхэн барилга гэж цөөнгүй дурдлаа. Ер нь холбогдох баримт бичгүүдэд театрын барилгыг өвөөр бүртгэсэн юм уу?
-Сүхбаатар дүүргийн хамгаалалтад 2021 онд оруулж, бүртгэсэн байдаг. Соёлын өв гэж байгаа ч улсын өвийн бүртгэлд оруулаагүй. Барилга, архитектураар нь л дүүргийн өвд бүртгэсэн.