-Танай нам эмэгтэй манлайлагчдыг дэмжих “ХҮН 50:50” бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Энэ бодлогын гол агуулга, зорилго нь юу вэ?
-ХҮН нам УИХ-д суудалтай, нийслэл, дүүргийн ИТХ-д бүлэгтэй сөрөг хүчний хувьд улс орны хөгжлийн асуудлуудыг суурь тогтолцоогоор нь харж, хөндөн, улс төрийн манлайлал үзүүлэн ажиллаж байна. Манай улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 гаруй жил болж байгаа ч ардчиллын үнэт зүйлсийн нэг болох иргэдийн тэгш оролцоо нийгэм, эдийн засаг, улс төрийн орчин гээд бүх түвшинд асар их алдагдсан.
Үр дүнд нь эдийн засаг дахь төрийн оролцоо хэт өндөр болж, төсвийн хулгай, авлига, хүнд суртал хаа сайгүй газар авч, нийгмийн тэгш бус байдал улам нэмэгдсээр байна. ХҮН нам энэ гажуудлыг сууриар нь засахын тулд сонгуулийн тогтолцоог холимог болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэх мэт арга замаар нийгмийн гол төлөөлөл болсон залуучууд, эмэгтэйчүүдийг парламентад илүү олноор орох нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ зорилгын хүрээнд бид бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг тэгш байлгах зорилт дэвшүүлж, эмэгтэй манлайлагчдыг бэлтгэх, дэмжих “ХҮН 50:50” бодлогоо зарласан.
“ХҮН 50:50” БОДЛОГО УЛС ТӨРИЙН ОРЧИНД ШИНЭ СОЁЛ, ХАНДЛАГА БИЙ БОЛГОНО
Манай улсын дээд боловсролтой иргэдийн 60, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 65 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбарт тэд гол ачааг нь үүрч, манлайлан ажиллаж буй. Гэтэл УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл дөнгөж 17 хувь байгаа нь дэлхийн дунджаас найм, Азийн орнуудынхаас даруй таван хувиар бага дүн юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл өндөр байх тусам төсвийн хулгай, авлига буурч, нийгмийн олон сөрөг асуудлыг шийддэг гэсэн олон улсын судалгааны үр дүн бий. Тиймээс эмэгтэй манлайлагчдыг дэмжих “ХҮН 50:50” бодлого улс төрийн орчинд шинэ соёл, хандлага бий болгоход чухал ач холбогдолтой. Тухайбал, нэгдүгээрт, 2024 онд УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох бусад намд энэ бодлого түлхэц болж, эмэгтэйчүүд илүү олноор нэр дэвших боломж нэмэгдэнэ. Хоёрдугаарт, олон эмэгтэйг нэр дэвшүүлэхийн тулд тэдний улс төрийн оролцоог дэмжсэн бодлого хэрэгжүүлж, намууд дотоод үйл ажиллагаа, шийдвэр гаргах түвшиндээ орж ажиллах нөхцөл бүрдэнэ.
Бид аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд “ХҮН 50:50” бодлогоо хоёр жилийн хугацаанд хэд хэдэн үе шаттайгаар, цогцоор нь хэрэгжүүлнэ. Тодруулбал, улс төрийн орчин, cонгуулийн тогтолцоог тэдэнд ээлтэй болгох, эмэгтэй манлайлагчдыг намдаа татах, оролцоог нь дэмжих, сургаж, хөгжүүлэх, олон нийтэд таниулах гээд олон ажил хийхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, олон эмэгтэйг нэр дэвшүүлэхээс гадна тэднийг УИХ, ИТХ-д сонгуулах нь хамгийн чухал. Тиймээс одоо эмэгтэйчүүд санаачилга, зориг гаргаад, идэвхтэй оролцох нь чухал.
-Эмэгтэйчүүд улс төрийн талбарт гарч ирж, сонгуульд нэр дэвшихэд олон саад, бэрхшээл тулгардаг. Тэдгээрийг яаж шийдэх ёстой юм бэ?
-Хамгийн том бэрхшээл нь намын санхүүжилттэй холбоотой. Цаашлаад сонгуулийн санхүүжилтийг нэрлэж болно. Тухайлбал, МАН, АН хоёр маш их хүн, хүч, хөрөнгө мөнгө шаарддаг нүсэр бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ нь гишүүд, нэр дэвшигчдэдээ санхүүгийн дарамт, ачаалал үүсгэж, залуучууд, эмэгтэйчүүд улс төрд хүч үзэх боломжийг нь хаадаг. ХҮН намын хувьд тэднээс эрс ялгаатай. Бид намын болон улс төрийн үйл ажиллагаагаа зардал багатай, цомхон зохион байгуулж, хүн бүхэнд хүртээмжтэй, нээлттэй байх зарчим барин ажиллаж ирсэн. Цаашид ч шинэ үеийн дэвшилт нам ямар байх ёстой, тэр жишиг, загвараар цахим шийдлийг илүү ашиглан, үйл ажиллагаагаа хөгжүүлнэ. Жишээ нь, аймаг, нийслэл дэх манай намын хороод тусдаа байр түрээслээд, хэдэн хүн цалинжуулаад, зөвхөн гишүүддээ үйлчлээд суудаггүй. Кофе шопын концепцоор ажиллаж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаараа зардлаа санхүүжүүлдэг. Сонгуулиар ч энэ жишиг, зарчмаа баримтлан бусад намын нэр дэвшигчдээс 5-10 дахин бага зардлаар амжилттай зохион байгуулж ирлээ.
-Танай нам нэр, үзэл баримтлалаа өөрчилсөн нь “ХҮН 50:50” бодлогыг “төрүүлэхэд” түлхэц болсон юм биш биз?
-Нам бол үзэл баримтлал, үнэт зүйлсээрээ нэгдсэн хүмүүсийн нэгдэл шүү дээ. Манай намын хувьд 2015 онд олон салбарын мэргэжилтэн залуучууд нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлэхээс л бид баруун төвийн үзэл баримтлалтай байсан юм. Хөдөлмөрийн үндэсний намыг 2011 онд байгуулахдаа Улс төрийн намын тухай хуулийн дагуу дүрмэндээ зүүн төвийн үзэл баримтлалтай гэж заасан байсныг бид энэ онд их хурлаараа баруун төвийнх болгосон юм. Түүнээс биш, эмэгтэйчүүдийн талаарх бодлого, үйл ажиллагаа маань хэвээрээ. Тухайлбал, УИХ-ын 2020 оны сонгуулиар “Зөв хүн-Электорат” эвсэл хамгийн өндөр хувьтайгаар эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлсэн шүү дээ. МАН, АН тэднийг 21-22 хувьтай нэр дэвшүүлсэн байхад манайх 26 хувьд хүргэсэн байсан юм.
-2020 оны сонгуулиар “Зөв хүн-Электорат” эвслээс бүх тойрогт нэр дэвшүүлээгүй. 2024 онд бүх тойрогт, 50:50 бодлогоо хадгалаад нэр дэвшүүлнэ гэж ойлгож болох уу?
-Зөвхөн УИХ-д биш, бүх шатны сонгуульд энэ бодлогоо зорилт болгон ажиллана. Өөрөөр хэлбэл, нийт нэр дэвшигчийнхээ 50 хувийг эмэгтэй байлгах чиглэлд зорьж 20 гаруйхан хувьтай байгаа эл үзүүлэлтийг нэмэгдүүлэх нь бидний ажлын гол үр дүн байх юм. Мөн 2024 онд эмэгтэйчүүдийг хамгийн өндөр хувьтай нэр дэвшүүлэх нам нь ХҮН байна.
-Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар танай намаас нэрдэвшүүлсэн эмэгтэйчүүдийн хувь ямар байсан бэ?
-Бусад намаас хамгийн өндөр буюу 27 орчим хувьтай байсан. Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн ИТХ-д 12 төлөөлөгч сонгогдсон. Тэдний гурав нь эмэгтэй. Ер нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих ажлыг нам өөрөөсөө эхлэх ёстой. Улс төрийн нам бол төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэгч институц. Улс төрийн үйл ажиллагаа бүгд л намаар дамждаг. Өөрөөр хэлбэр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог бий болгох эхний газар нь нам гэсэн үг. Тухайлбал, ХҮН намын Удирдах зөвлөлийн 36, Гүйцэтгэх зөвлөлийн 50 хувь нь эмэгтэй. Намын зохих шатанд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдээд ирэхээр сонгуульд нэр дэвших тоо нь ч өсдөг. Ийм байдлаар намын үйл ажиллагаандаа эмэгтэйчүүдийн оролцоог хангадаг, дэмждэг байх ёстой.
АЛДАА ГАРГАСАН БОЛ ХҮЙСИЙН ХУВЬД ЯЛГААТАЙ ШИЙТГЭЛ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСГҮЙ
-Улс төрийн тавцанд эмэгтэйчүүдийг илүү хохироож, “яллаад” байна гэдэгтэй та санал нийлэх үү. Буруу үг, хэллэг ашигласан, үе хоорондын ялгааг тайлбарласнаасаа болж огцорсон, чөлөөлөгдсөн эмэгтэй сайд, дэд сайд гээд нэрлэвэл цөөнгүй. Өнөөдөрч УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүний хувийн амьдралыг нийтээрээ “шүүж” байна. Тэднийг зөвтгөж, өмөөрөхгүй ч эрэгтэй улс төрчид энэ байтугай алдаа хийчихээд “зүгээр” л яваад байх юм.
-Энэ бол манай нийгмийн уламжлалт, хэвшмэл ойлголт л доо. Эрэгтэй, эмэгтэй хүн ижил алдаа хийхэд эмэгтэйг нь нийгэм, олон нийт илүү шүүдэг нь улс төрийн талбарт бүр тод харагддаг. Эмэгтэйчүүдийн хувийн амьдралыг нь илүүтэй сонирхож, сөргөөр харуулдаг нь үнэн. Үнэндээ хууль бус зүйл хийж, алдаа гаргасан бол хүйсийн хувьд ялгаатай шийтгэл, хариуцлага хүлээх ёсгүй. Үүнийг арилгахын тулд намууд хичээл зүтгэл гаргаж ажиллах шаардлагатай. Мөн Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулийн ирцийг өсгөхөд нөлөөлөх ажил сайн хийх хэрэгтэй. ХҮН нам ардчиллын үнэт зүйлсийг хамгаалдаг, хувийн өмч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг. Эдлэх хариуцлага, хүлээх үүрэг нь ижил, тэнцүү байх ёстой. “ХҮН 50:50” бодлогынхоо хүрээнд бүх аймаг, дүүргийн намын хорооноос “жендерийн манлайлагч”-аар 50 хүнийг сургаж бэлтгээд байна. Тэд орон нутагтаа жендерийн талаарх хэвшмэл ойлголтыг арилгаж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх ажил хийх юм.
-Нөгөө талаас өнөөдрийг хүртэл өндөр албан тушаалд ажиллаж ирсэн эмэгтэйчүүд манлайлал үзүүлж чадахгүй байна. Магадгүй тэдний алдаа дараа, дараагийн эмэгтэйчүүдэд саад, тээг болж байгаа, хүлээлтэд хүрч ажиллахгүй байна гэвэл та юу хэлэх вэ?
-Эмэгтэйчүүд улс төрийн амьдралыг сонгоход нөлөөлдөг нэг чухал зүйл нь “role model” юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд чаддаг гэдгийг харуулсан жишээ болохуйц улстөрч олон байх ёстой. Ийм хүчтэй лидер олноор тодорч, нийгмийн итгэлийг хүлээж, нөгөө хүйсийнхнээсээ дутахгүй, эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж чадна гэсэн ойлголтыг олон нийт авах ёстой. Өнөөгийн нөхцөлд цөөн хүнд ирэх хүлээлт өндөр байна. Шийдвэр гаргах түвшинд цөөн эмэгтэй байгаа учраас тэдэнд тавьсан хүлээлт өндөр байна гэсэн үг. Үүнийг давж чадахгүй болохоор сонгогчид, иргэд, нийгэм тэр чигээрээ “Эмэгтэйчүүд чаддаггүй” гэсэн дүгнэлт хийчих гээд байдаг сул талтай. Тиймээс одоо шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд маань өндөр хэмжээнд манлайлал үзүүлж, идэвхтэй, хариуцлагатай ажиллах ёстой. Нийгмийн хэвшмэл ойлголт арилаагүй байхад жаахан алдаа гаргангуут эмэгтэйчүүдийг ирээдүйд сонгох сонирхол буураад байна. Монгол Улс яагаад эмэгтэй Ерөнхийлөгчтэй байж болохгүй гэж. АТГ-ын дарга, нийслэлийн Засаг даргаар заавал эрэгтэй хүнийг “тавих” ёстой юм уу. Энэ мэтээр хэвшмэл ойлголтыг эвдэж, жендерийн тэгш байдлыг хангахад ХҮН нам манлайлж ажиллана.
-“ХҮН 50:50” бодлогоо зарласнаас хойш танай намд хандах эмэгтэйчүүд хэ рнэмэгдэж байгаа бол?
-Гишүүнээр элсэх гэсэн эмэгтэйчүүдийн идэвх нэлээд нэмэгдсэн. Сонирхолтой нь, үүнийг дагаад эрчүүдийн идэвх ч сайжирч байна. “Хүүхдийн эрхийг хангачихвал хүний эрх хангагддаг” гэж үг бий. Түүн шиг эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангаад өгчихвөл эрэгтэйчүүдийнх ч нэмэгдэх юм байна. Ер нь аль нэгэн сегментийн оролцоог дэмжээд, саад, бэрхшээлийг нь багасгаад эхэлбэл нөгөөдүүлд тулгардаг асуудал ч багасахаар байгаа юм.
-Ирэх сонгуулиар эмэгтэйчүүдийг 50 хувьтай нэр дэвшүүллээ гэхэд хэд нь сонгогдох бол. Тийм тооцоо, судалгаа хийж үзэв үү. Одоогоор 20 хувийн квот үйлчилж байгаа шүүдээ.
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх үндсэн шийдэл нь квот биш л дээ. Ер нь эмэгтэйчүүдийн квоттой, эсэхээс үл хамааран намуудад тэднийг дэмжих хүсэл зориг байгаа л бол бүсгүйчүүдийг хэдэн ч хувиар нэр дэвшүүлэх боломж нь нээлттэй шүү дээ. Квотыг хэчнээн нэмэгдүүлж, нэр дэвшүүллээ ч эмэгтэйчүүд сонгогдох нь л хамгийн чухал биз дээ.
Үүнд хамгийн саад болж буй хүчин зүйл нь сонгуулийн систем шүү дээ. Жижиг тойргуудаас их мөнгөтэй, хөгжлийн нэгдсэн бодлогоо үгүйсгэсэн, нэгжийн бодлоготой улстөрчид л сонгогдож байна. Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй Монголын улс төрд дутагдаж байгаа нийгмийн төлөөллүүд мөнгөнөөс хамааралгүйгээр УИХ, ИТХ-д сонгогдож, ажиллах ёстой учраас бид тогтолцооны өөрчлөлт хийхийг шаардаж байгаа. Жижигсгэсэн мажоритар тогтолцоог дэлхийн 200 гаруй орноос 10 хүрэхгүй нь л хэрэглэж байна. Парламентын засаглалтай орны хувьд ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, цаашид Монгол Улсыг олон намын, төлөөллийн тогтолцоотой, хүчтэй сөрөг хүчний хяналттай байлгахын тулд сонгуулийн тогтолцоогоо ядаж 50:50 хувийн харьцаатай холимог болгох хэрэгтэй. Тодорхой хэлбэл, УИХ-ын мандатын 50 хувийг намын жагсаалтаар, 50 хувийг нь тойргоос сонгох нь зүйтэй. Мөн сонгуулийн тогтолцоог өөрчлөхтэй хамт УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай. Парламентын гишүүдийн тоог нэмчихвэл нэр дэвших эмэгтэйчүүд өсөж, олноороо сонгогдох боломж нэмэгдэнэ.
-Тогтолцооны өөрчлөлт гэснээс жагсаалтай холбоотойгоор Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ бас л энэ тухай хөндлөө. Шаардлагатай бол 2024 оныг хүлээлгүй, наана нь УИХ-ын сонгууль явуулахыг үгүйс гэхгүйг ч хэлсэн. ХҮН намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд та юу хэлэх вэ. Магадгүй ирэх онд сонгууль явуулбал танай намд, эмэгтэй нэр дэвшигчдэд хэр“ашигтай” байх вэ?
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэлдээ маш тодорхой нэг зүйлийг хэлсэн. Монгол Улсад үүсээд буй олон том хулгай, авлига, засаглалын хямрал нь 30 гаруй жил сонгуулийн буруу тогтолцоогоор төрөө байгуулж явж ирсний илрэл гэдгийг л онцоллоо. Тиймээс өнгөрсөн наймдугаар сард болсон УИХ-ын ээлжит бус чуулганаас Засгийн газарт өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тогтолцооны өөрчлөлт хийж, сонгуулийн тогтолцоог холимог болгох, гишүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахаа мэдэгдэв. Намаасаа улс орныхоо ирээдүй, эрх ашгийг дээгүүр тавиад, хэлснээ хийх боломжит хугацаа нь яг одоо л байна. Гадаад улс орнуудын нөхцөл байдал, дотоод дахь эдийн засгийн сорилт, бэрхшээл талаас нь харсан ч төр, засаг тогтвортой байх нь маш чухал. Мөн цаг хугацааны хувьд боломж ч байхгүй гэдэг агуулгаар нь сонгуулийг хугацаанаас нь наана явуулах шаардлагагүй гэж бодож байна.
-Сүүлчийн асуулт. Та түрүүнд манай нам цомхон, зардал багатай ажилладаг гэлээ. Их мөнгөний сонгуулийг өөрчлөхгүй бол танай намынхан хэчнээн даруухан байлаа ч амжилт олохгүй юм биш үү. Улс төрийн болон сонгуулийн санхүүжилт ямар байх ёстой талаар байр сууриа хуваалцахгүй юу?
-Намыг мөнгөнөөс хараат бус байлгахын тулд сонгуулиар авсан саналынх нь тоогоор нь төсвөөс санхүүжүүлдэг олон улсын зарчим, жишиг бий. Энэ зарчмыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Хоёрдугаарт, намуудын хандив санхүүжилт, тайланг нь шилэн, ил тод болгон, хаанаас, хэнээс ямар мөнгө орж байгааг олон нийтэд нээлттэй мэдээлдэг болгох хэрэгтэй.