Хүний эрхийн үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй иргэдийн жагсаал, цуглаанд өдөр бүр ажиглалт, дүн шинжилгээ хийж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалан ажиллаж байна. Тухайлбал, тус комиссоос хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч хүний эрхийн хэрэгжилтийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр онцгойлон анхаарал хандуулж буй. Энэ утгаараа жагсаал цуглааны үеэр саатуулагдсан 15 иргэнтэй уулзаж, Монголын Өмгөөлөгчийн Холбоотой хамтран хууль зүйн туслалцаа үзүүлж байна.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-аас мөн Хүний эрхийн Форумын гишүүн байгууллагын хувьд нүүрсний хулгайг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалын ажиглалтад оролцож, хүний эрхийн талаарх мэдээ, мэдээллийг түгээн ажиллахаа илэрхийлсэн. Тус төвөөс төв талбайд ажиллахад жагсагчид "Гадаа хүйтэн байна. Хүмүүст гэр барьж өгвөл сайн байна. Зарим залуус маш нимгэн хувцастай чичрээд жагсаж байна. Оролцогчдод дулаан гутал, хувцас, дулаацах газар хэрэгтэй" хэмээжээ. Мөн ажиглалтын явцад жагсаалыг далимдуулж үймүүлэх санаатай элдэв зүйл ярьсан нөхөд байсан гэв. ХЭҮК болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-аас төв талбайд гэр бариулахаар хөөцөлдөж байна.