Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд төв талбайд цуглаж, жагсаад найм дахь өдрөө угтаж байна. Тэд "Төрд гарсан хулгайч нарт 30 жил дээрэлхүүлээ. Хүний амьдралын бүтэн мөчлөгийн тал. Монголчууд шуудайд хийсэн үхрийн толгой байх биш нэгдэх хэрэгтэй байна. Үр хүүхдийнхээ төлөө чанартай хууль батлах, зөв тогтолцоо байгуулахыг шаардая. Энэ бүхнийг эцсийг нь хүртэл тэмцэнэ. Гэвч цагдаа нар шөнө оройн цагаар нэг нэгээр нь авч явах оролдлого хийж байна" хэмээн ярьж байна. Зарим хүн жагсаалд оролцох нэрийдлээр дунд нь хор хутгах, мөнгө тараах зэргээр өөрсдийнхөө эрх ашгийн төлөө иргэдийг турхирах оролдлого гаргаж буй гэнэ. ХЗДХЯ-наас жагсаалд дунд оюутнууд зохион байгуулалттай оролцож, МCS компанийнхан ажлаа тасалж жагсаалд оролцсон, Эрдэнэс тавантолгой мөнгө тараасан хэмээн мэдэгдсэн удаатай. Гадаа хүйтэн, цас бударсаар байгаа ч иргэд төв талбайд нэмж цуглан шударга ёсыг шаардсаар байна.