Британийн эмч, багш, шуудан зөөгч, нефтийн салбарынхан, хуульч, холбоочин, нийтийн ахуйн үйл-чилгээнийхэн, машинч, зог¬соо¬лын болон боомтын ажилчид, гал сөнөөгчид, төрийн албан хаагчид ажил хаясан тухай ВВС мэдээлж байна. Сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй ажил хаялтын эл цар хүрээ нь Британи “Европын өвчтөн” байсан 1970-аад оны эмх замбараагүй байдлыг дахин сэргээв. Тэр үед Ерөнхий сайд Маргарет Тэтчерийн олон нийтэд таалагдаагүй нео-либерал шинэчлэл хийж, тус улс хожмоо Европын Холбооны нэгдсэн зах зээл болсон чөлөөт худалдааны бүсэд элссэний үр дүнд л хямралыг даван туулж чадсан юм.
Одоо Британи дахин ийм цолтой болж мэдэх нь. Бусад чинээлэг орноос хоцорч, хүн ам нь түүхэн дээд хурдаар ядуурч байна. Тус улс XXI зууны эхээр авсан гурван цохилтоос хэзээ ч сэргэж чадаагүй. Тодруулбал, 2008 оны санхүүгийн хямрал, 2020 онд “Ковид”-той брексит. Инфляц нь жилд 11 хувиас давж, эдийн засаг нь саарсан нь хагас жилийн турш үргэлжилсэн бөгөөд ирэх нэг, хоёр жилдээ эргэн өсөх төлөвгүй байна.
Үүний шалтгааныг ОХУ-аас Украины эсрэг явуулж буй дайны нөлөөгөөр улам даамжирсан дэлхийн өнөөгийн эрчим хүчний болон инфляцын хямрал төдийгүй ойрын ирээдүйд засаж залруулахад маш хэцүү байх Британийн эрх баригчдын гаргасан цуврал алдаа хэмээн эдийн засагчид хэлжээ. Энэ нь ажил хаялт удаан хугацаанд үргэлжилнэ гэсэн үг аж.
ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ БАЙНА УУ
Нэг хэсэг нь хэдийн зорилгодоо хүрсэн бол нөгөө нь тэмцлээ дөнгөж эхэлж байна. Улсын өмгөөлөгч, прокурорууд өнгөрсөн зургадугаар сард тэмцэж, аравдугаар сард хөдөлмөрийн хөл¬сөө 15 хувиар нэмэгдүүлжээ. Лондоны хойд дүүргийн автобусны жолооч нар цалингаа 11, Кентийнхэн 14 хувиар өсгүүлэв. Ажил хаясны үр дүнд эрэг орчмын Истборн хотын хог ачигчид цалингаа 11, Шотландад төмөр замын машинчид тав, холбоочид 16, “Хитроу” нисэх бууд¬лын газрын ажилтнууд ажлаа зогсооно гэж сүрдүүлснээр хөдөлмөрийн хөлсөө 13 хувиар нэмэгдүүлсэн байна. Энэ нь дөнгөж эхлэл юм. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт их сургуулийн 70 мянган багш, 115 мянган шууданч ажил хаяв. Ажил олгогчидтойгоо хийж буй маргааныхаа эцсийг үзэхээр бэлтгэж буй хүмүүсийн бүрэн жагсаалт энэ биш.
Сувилагч нар энэ сарын 15, 20-нд нийгмийн эрүүл мэндийн системийн түүхэнд хамгийн том ажил хаялт зарлахаар төлөвлөжээ. Тэд ца¬лингаа 19 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. Үүнд цалинг нь хоёрхон хувиар нэмсэнд дургүйцсэн Британийн эмч нар, мөн эмнэлгийн 350 мянган ажилтан, түргэн тусламжийн 18 мянган жолооч нэгдэх аж.
Тэдний нэг адил багш нар ажиллах нөхцөл, ялангуяа илүү цагаар ажиллаж буйдаа сэтгэл дундуур байдаг. Тэд тэтгэврийн баталгааг нь гаргаж, цалинг нь 12-оос доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. 150 их, дээд сургуулийнхан ч 2.5 сая оюутны лекцийг хэсэгчлэн цуцалжээ. Энэ нь тус улсын дээд боловсролын орчин үеийн түүхэн дэх хамгийн том ийм арга хэмжээ аж. Дунд сургуулийн багш нар ч эрх ашгаа хамгаалахаас хоцорсонгүй. Шотландад одоо эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаагийн сацуу Британийн бусад хэсэгт ч эцэг, эхчүүд удах¬гүй хүүхдүүдтэйгээ гэртээ хэд хоног байх шаардлагатай болох гэж буй.
Төмөр замын машинч, мөнгө хураагчид ажил хаясан нь шинэ зүйлд тооцогдохгүй гэнэ. 1970-аад онд уурхайчид л ажил хаядаг байсан бол сүүлийн жилүүдэд Британийн ажил хаялтад төмөр замынхан идэвхтэй оролцдог болсон. Энэ удаад ч төмөр замынхан таамгаас гажсангүй.
Хувьчлагдсан “Хааны шуудан” (“Royal mail”)-гийнхан инфляцын 11 хувьтай дүйцүүлэн ца¬линг дээд тал нь есөн хувиар өсгөхийг санал болгосны сацуу заавал ажилладаг ням гаргийн нэмэгдэл олгох, зарим хөнгөлөлтийг цуц¬лахыг санал болгов. Үүнийг шаардахдаа шууданчид хамгийн завгүй оргил үе болох Зул сарын баярын өмнөх хэд хоног захидал, ил¬гээмжийг хүргэхээс татгалзжээ.
Энэ сарын эхээр газрын тосны үйлчилгээний “Petrofac” компанийн ажилтнууд Умард тэнгис дэх “British рetroleum”-ийн өрмийн машинд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах бодолтой байна. Тэдэнд илүү ажиллах шаардлага таалагдаагүй аж. Цаашилбал, Солсбери болон Уилтшир гүнлэгийн “Valet” зогсоолын ажилчид илүү цагийн мөнгийг нь бууруулахыг эсэргүүцэн энэ сарын 10-наас долоо хоногийн турш торгууль бичихгүй гэнэ. Ингэснээр Солсберигийн алдарт сүмийн оргилыг үзэхийг хүссэн хүн бүрт зогсоол үнэгүй болох юм. Тэрчлэн Британийн интернэт үйлчилгээ үзүүлэгчдийн олонход кабель татах, түрээслэх үйлчилгээ үзүүлдэг теле харилцааны BT компани болон түүний “Openreach” салбарын ажилтнууд сүүлийн 30 жилд анх удаа ажил хаялт зарлав. Тус компанийн 40 мянган ажилтан нь цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна.
Үүний нэг адил Ливерпүүл, Фолкстон боомтод усан онгоцны зогсоолынхон, Британийн агаарын гарц болох “Хитроу” нисэх буудалд газрын үйлчилгээний ажилтнууд ажил хаяжээ. Ливерпүүлийнхэн цалингаа нэмүүлээд, ажилдаа орсон бол бусад нь маргалдсаар байгаа бөгөөд цаашдаа ажил нь тасалдахыг үгүйсгэхгүй.
Хил дээр паспорт шалгадаг, жолооны шалгалт авдаг 100 мянга орчим төрийн албан хаагч цалинг нь 10 хувиар нэмэх шаардлагыг хүлээж авахгүй бол Зул сарын баяраар таагүй байдал үүсгэхээ мэдэгджээ. Тэгвэл гал сөнөөгчид цалинг нь таван хувиар нэмэх саналыг хүлээж ав¬сангүй. Улмаар 32 000 гал сөнөөгчийн Үйлдвэрчний эвлэл сүүлийн 10 жилд анх удаа ажил хаяхаар санал хураах гэж байна. Эл шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сард гаргах гэнэ.
БҮГД СЭТГЭЛ ДУНДУУР БОЛСНЫ УЧИР
1980-аад оноос тогтвортой дээшилсээр байсан британичуудын аж байдал санхүүгийн хямрал болсон 2008 оноос гэнэт уруудаж, амьжиргааны түвшний гол үзүүлэлт болох нэг хүнд ногдох бодит орлого зогсонги байдалд оржээ. Ийм байдлыг тус улс дор хаяж сүүлийн 100 жил мэдрээгүй аж.
Өнгөрсөн гурван жилд болсон үйл явдал Британийг 2027 оноос нааш хямралын өмнөх түвшиндээ эргэн орж чадахгүй гэсэн дүгнэлтийг эдийн засагчид хийхэд хүргэсэн байна. Тэр үед дундаж гэр бүл хямралын өмнөх үеийнхээс гуравны нэгээр ядуу байх болно гэж тус улсын Британи жагсагчдын орон болов эдийн засгийн дүн шинжилгээний тэргүүлэх IFS төвийн судлаачид тооцоолжээ.
Эхний арван жилийг алдсан шалтгаан нь хямралын үед банкуудыг аврахын тулд тавьсан зээлээ буцааж өгөхөд зориулах Засгийн газрын зардлыг огцом бууруулсан, мөн бага цалинтай түр ажлын байрыг огцом нэмэгдэхэд хүргэсэн интернэт бизнесийг өргөжүүлсэнтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, хүмүүс бага ца¬-линтай хэрнээ их хөдөлмөрлөж, тэтгэмж, нийгмийн баталгаа нь хасагдаж, боловсрол, эрүүл мэнд болон төрийн бусад үйлчилгээний чанар, хүртээмж муудсан нь хүмүүсийг хувийн хэвшлийнхнээс үйлчилгээ авахад мөнгөө зар¬цуу¬лахаас өөр аргагүй болгосон.
Хоёр дахь арван жилийг алдсан нь эх¬нийхээс ялгаатай нь гадаад шалтгаануудтай холбон тайлбарладаг. Эдгээрээс гол нь коронавирусийн цар тахал бөгөөд хөл хорионы үед хүн ам, бизнесийг дэмжихийн тулд төрөөс их хэмжээний зардал гаргах шаардлагатай болсон. Гэхдээ дотоод шалтгаан бас бий. Брексит, эдийн засгийг удирдах талаар гаргасан хоёр гол алдаа бий. Тэдгээр нь Британийг хөгжингүй орнуудын дунд эдийн засгийн өсөлтөөр хоцрогдсон орон бол¬гож, хүн амын орлогыг сэргээхэд улам хэцүү болгожээ. Эцэст нь хүмүүсийн тэвчээр барагдав. Тэд орлогоо буурахыг тэсвэрлэхээ больж, хамгийн сүүлчийн арга болох ажил хаялтыг сонгох нь улам бүр нэмэгдсээр байна.
АСУУДЛЫГ ХУРДАН ШИЙДЭХ АРГА МУХАРДЖЭЭ
Элизабет Трассын танхимын халааг нүд ирмэх зуурт авсан Риши Сунакийн Засгийн газар эдийн засгийн бодлогын болхи туршилтаас үүдэл¬тэй галыг унтраахаар оролдож байна. Хямралын эсрэг төлөвлөгөөг өнгөрсөн сард олон нийтэд зарласан бөгөөд эдийн засагчид тэр даруйд урам хугарсан дүгнэлт гаргасан аж.
“Үнэнийг хэлэхэд бид бүгд илүү ядуу болсон. Сэргэлт урт бөгөөд амаргүй байх болно. Ялангуяа хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн орлого буурч, татвар нэмэгдэж буй учраас дундаж дав¬харгынханд хэцүү байх нь. Британи өндөр татварын эринд орсон бөгөөд ойрын хэдэн арван жилдээ цар тахал дэгдэхээс өмнөх түвшинд шилжихгүй” гэж IFS компанийн тэргүүн Пол Жонсон ВВС-д хэлэв.
Р.Сунакийн Засгийн газар 50 тэрбум фунт стерлингийн төсвийн асар том цоорхойг нөхөхийн тулд татвараа нэмэгдүүлж, зардлаа танаж байна. Төсвийн хураамжийн дийлэнх хэсгийг хоёр жилийн дараа болох сонгуулийг дуус¬тал хойшлуулжээ. Ингэснээр тус улс дэлхийн II дайнаас хойших татварын хамгийн өндөр дарамттай тулгарч буй. Тодруулбал, 2019 2020 он буюу цар тахлаас өмнө ДНБ-ий 33.1 хувьтай тэнцэж байсан татварын дарамт сонгуулийн үеэр 37.1 болж өсөх гэнэ.
Европын хөгжингүй бусад оронтой харьцуулахад Британид татвар бага. Төрийн үйл¬ чил¬-гээ, дэд бүтцийн чанар, хүртээмж, тээврийн үнэ, нийгмийн дэмжлэгийн хэмжээ ч тус ул¬сад эл тивийн орнуудынхаас доогуур байдаг. Консерватив нам 12.5 жил төрийн эрх барихдаа улс орноо Европын загвараар нийгмийн “том” ха¬ламжаас хамгийн бага татвар, нийгмийн дэмжлэгтэй Америкийн капитализм руу шилжүү¬лэхийг хичээж буй. Гэвч эхлээд цар тахал, дараа нь эрчим хүчний хямрал, Э.Трассын хэт либерал туршилт бүтэлгүйтсэн нь түүнийг энэ замаас татгалзахад хүргэв. Одоо нэмээд ажил хаялт шинэ аюул боллоо. Ажил хаягчдын шаардлагыг биелүүлэх нь эрх баригчдыг татвараа улам нэмэгдүүлж, үндэсний баялгийг дахин хуваарилахад хүргэх нь консерватив намын үзэл сурталд харшилна. Тиймээс британичуудыг маш таагүй байдал хүлээж байна.
Төсвийн бүх ажлынхаа үр нөлөөг үнэлэх зорил¬гоор Засгийн газраас нь захиалсан судал¬гаанаас үзвэл ирэх онд иргэдийнх нь бодит орлого 4.3 хувиар буурна. Уг судалгааг хийж эхэл¬сэн 1956 оноос хойш ийм үзүүлэлт гарч байгаагүй аж. Дараа жил нь нэмээд 2.8 хувиар буурч, сонгуулийн үеэр орлого нь 10 жилийн өмнөх түвшинд хүрнэ. Хэрэв цахилгаан, хийн төлбөрийг төлөхөд төрөөс дэмжлэг үзүүлээгүй бол уналт 1.5 дахин их гарах байсныг уг судалгааны явцад тогтоожээ. “Ковид” болон эрчим хүчний хямралын дараа хөнгөлөлтөд нэмж хуваарилах мөнгө төрийн санд байхгүй тул эрх баригчдын байдал хүндэрнэ гэсэн үг юм.
Британид 1978-1979 оных шиг таагүй өвөл болох бүх нөхцөл бүрджээ. Засгийн газарт нь сонголт бага. Ажил хаягчдын цалин нэмэх шаардлагыг хангах мөнгө алга. 1970-аад онд хэрэг¬лэж байсан жорууд хуучирсан. М.Тэтчерийн маягийн эрс шинэчлэлийг Э.Трасс туршиж үзсэн ч тэр дороо бүтэлгүйтэж, Ерөнхий сайдын суудлаасаа буухад хүрсэн.
Ажил хаялтыг үл тоомсорлож, бүр дарах, эсвэл хориглох нь мөн л эрсдэлтэй юм. Британичуудын 60 орчим хувь нь ажил хаягчдыг дэмжиж, 33 хувь нь л эсэргүүцэж байгааг ВВСгийн захиалгаар өнгөрсөн аравдугаар сард явуу묬¬сан судалгаа харуулжээ. Судалгаанд оролцогчдын хамгийн их буюу 64 хувь нь эрүүл мэндийн ажилтнууд, 55 хувь нь багш нарыг дэмжсэн байна.