“Комплайнсын форум 2022”-ыг өчигдөр зохион байгууллаа. Арилжааны банкууд дахь комплайнсын байдал, салбарын хөгжил, тулгарч буй асуудлуудыг хэлэлцэх зорилготой тус форумыг Монголын банкны холбооноос зохион байгуулж, дэмжигчээр Азийн сан оролцов. Комплайнс гэдэг нь санхүүгийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, зохицуулагчдын шаардлага нь тухайн байгууллагын бизнесийн болон мэргэжлийн ёс зүйн стандартад хэрхэн нийцэж, хэрэгжиж буйг илэрхийлэх ойлголт юм. Өөрөөр хэлбэл, хууль, журам болон бизнесийн үйл ажиллагааны зохицол нийцэл аж. Тухайн байгууллага, салбарт тулгарах үйл ажиллагаа, санхүүгийн эрсдэлийг тооцох, үүнээс сэргийлэх, тогтвортой өсөн дэвжих бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ гэж ойлгож болох аж. Дээрх форумыг нээж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал “Банк санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулахад комплайнсын зарчмыг хэлэлцэж буй нь олзуурхууштай. Орчин үед хөндөгдөх болсон нэг асуудал нь цахим орчинд хэрэглэгчийг зөв танихуй буюу Electronic know your costumer (e-KYC) бөгөөд энэ нь банк санхүүгийн салбарт чухал үүрэгтэй. E-KYC-ыг хангахад эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын туршлага, дэвшилт технологийн боломжуудыг нэвтрүүлэх нь чухал” гэсэн юм. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал “Санхүүгийн зохицуулах хороо нь комплайнсын соёлыг төлөвшүүлэх чиглэлээр “Санхүүгийн боловсролын зангилаа” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үүний дагуу гаргасан зөвлөмжийн хүрээнд ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулж буй. Өнөөдрийн (өчигдөр) хэлэлцүүлэг нь нэг талаас Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын (ФАТФ) зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах, нөгөөтээгүүр зохицуулалттай салбаруудад эрсдэлийн удирдлагыг нутагшуулах зорилготой” гэлээ. Үүнээс гадна комплайнсын хэм хэмжээний стандартын нийцлийг таниулах, мөрдүүлэх, цаашлаад санхүүгийн салбарыг ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтын үнэлгээнд бэлтгэх зорилгоор компанийн удирдлага, ажилтнуудыгсургалтад хамруулахыг Т.Цэрэнбадрал дурдлаа.
Дээрх форумын үеэр “Корреспондент банкны харилцаа”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой эрсдэл”, “Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд банк санхүүгийн болон хуулийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлууд” зэрэг хэлэлцүүлэг өрнүүлэв. Дэлхий даяар цар тахал дэгдсэн, ялангуяа ОХУ, Украины дайнаас шалтгаалж манай улсын гадаад төлбөр тооцоонд асуудал тулгарсан. Энэ талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар “Корреспондент (гадаад төлбөр тооцоог зуучлагч, гүйлгээг дамжуулагч) банкны асуудал бараг 10 жилийн өмнөөс л яригдаж эхэлсэн. Бид ам.долларын гуйвуулга хийхэд ийм банкны үйлчилгээ авахад хэцүү хэвээр байна. Үүнд гадаад, дотоод хүчин зүйлс нөлөөлж буй. Тодруулбал, 2011-2020 онд олон улс дахь корреспондент банкны тоо 25 хувиар буурсан бол үүний 80 хувийг АНУ-д үйл ажиллагаа явуулдаг банкууд эзэлсэн. Энэ нь ийм банкууд ашиггүй ажиллаж байсантай холбоотой. Мөн ФАТФ-ын хар, саарал жагсаалтад багтаж байсан, багтсан, эрсдэлтэй улс орнуудтай харьцахаас зайлсхийх болсон нь бидэнд хүндрэл учруулдаг гэж болно” хэмээн тэмдэглэв. Үүнтэй холбоотойгоор буюу корреспондент банкуудтай тогтвортой харилцахад ямар асуудал тулгарч буйг арилжааны банкуудаас тодруулжээ. Тэдний дийлэнх нь манай улсын эдийн засгийн хэмжээ бага, гүйлгээний дүн их биш учраас корреспондент банкууд харилцахаас татгалзаж байгаа гэжээ. Өөрөөр хэлбэл, тухайн банкны орлогод бодит нөлөө үзүүлдэггүй, үйлчилгээний зардал гаргахаас хэтрэхгүй шахам, мөн ФАТФ-ын саарал жагсаалтад багтаж байсан, эрсдэлтэй бүс нутаг гэдэг нь асуудал дагуулдаг байна. ОХУ, Украины дайны улмаас хойд хөршийн банкуудыг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй болж, улмаар тус улсын банкуудаад дамжуулан хийдэг гүйлгээнүүд удааширсан хэвээр байх эрсдэл бий аж.
e-KYC буюу Цахим орчинд хэрэглэгчийг таних боломжийн эрх зүйн орчин, олон улсын туршлага, технологийн талаар санхүүгийн олон улсын зөвлөх Линдсэй Чан цахимаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Хэрэглэгчийн мэдээллийг уламжлалт аргаар цуглуулж, үйлчлүүлэгчдийг танин мэдэхээс гадна цахимаар харилцах, онлайнаар мэдээлэлд тулгуурлан харилцах нь нэмэгдсэн. Сэжигтэй гүйлгээ хийгдэх нэг нөхцөл нь эрсдэлтэй хэрэглэгч болдог. Тиймээс тухайн санхүүгийн байгууллагын ажилтнууд Засгийн газрынхаа мэдээлэлд нэвтэрч, цахим мэдээллийг нягталдаг, ийм хууль, эрх зүйн орчин бүрдсэн байх шаардлагатай. Мөн харилцагчдын мэдээлэл алдагдахаас сэргийлж кибер аюулгүй байдлыг тогтмол сайжруулж, мэдээллийн нууцлалыг хангахад онцгой анхаарах нь чухал” гэв. Энд дурдаж буй цахимаар харилцагчийг таних, зөвхөн онлайн хэлбэрээр харьцах нөхцөл нь виртуал хөрөнгийн наймааны үед ихэвчлэн болдгийг Монголын комплайнсын холбооны гүйцэтгэх захирал З.Эрдэм илтгэлдээ дурдлаа. Биткойн, койныг худалдагч, худалдан авагчийн мэдээлэл ил тод биш байдаг. Хэн ч, хаанаас ч, хэдэн ч ширхэг цахим мөнгө худалдан авч, борлуулж болдог нь олон улсад мөнгө угаах эрсдэл бий болгох, бохир мөнгийг цахим болгон хувиргах өндөр магадлалтай байдаг аж. Харин цахим хэтэвчийг цэнэглэх, цахим хөрөнгийг бэлэн мөнгө болгоход заавал банкаар дамжуулах нь эрсдэлийг бууруулах нэг нөхцөл болж буй гэнэ. Тиймээс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид банк хоорондын уялдаа, банкны хяналтыг сайжруулах хэрэгтэйг тэрбээр онцолсон юм.
Комплайнсыг хэрэгжүүлэхэд банк санхүүгийн байгууллагад тавьж буй шаардлага, хууль, эрх зүйн орчин нь үйл ажиллагаатай хэрхэн уялдан зохицохыг тооцох, үүнд хяналт тавих нь тухайн байгууллага, улмаар улсад учирч болох эрсдэлүүдээс сэргийлдгийг форумд оролцогчид онцолж байлаа. Форумаас зөвлөмж гарган, банк санхүүгийн байгууллагууд, төрийн зарим албанд хүргүүлэх аж.