Шог зургийг С.ЦОГТБАЯР
Шинэ жилийн баярууд эхэлж, дуучид халаас зузаалах аяндаа гарчээ. Хөнгөн, нимгэн хувцасласан дуучид байгууллагаас байгууллага руу уригдаж, баяраас баяр луу “нисэж”, 1-3 сая төгрөг, улмаар түүнээс илүү ч мөнгө аваад оддог, “онгодтой” сар нь. Тэд дуулалгүй л яах вэ. Бас мөнгө авах нь ч зүй. Харин дууг бий болгосон яруу найрагч, хөгжмийн зохиолчдод авсан мөнгөнөөсөө өгч байна уу, үгүй юү. Өмнөх шиг мэдэн будилсаар байгаа юм биш биз.
Энэ талаар тодруулахаар Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газарт хандсан юм. Эднийх шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотой үүсэх зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах үүрэгтэй. Мөн соёл, урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор бүтээлийг ашиглах эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах нэгж юм билээ. Дээрх асуултыг мэргэжилтэн Г.Доржсүрэнд тавихад “Дуучид мөнгө авдаг уу, яруу найрагч, хөгжмийн зохиолчдод хувь хүртээдэг үү гэх зэргийг бид мэдэх боломжгүй. Манайх оюуны бүтээлийг бүртгэх боломжтой, эсэхийг шийдвэрлэдэг газар. Хяналт, шалгалтын газраас асуугаарай” гэсэн юм.
Үүний дагуу Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газраас мөн л өнөөхөө асуув. Тэгэхэд “Хуулийн хүрээнд манайхтай хамтарч ажиллах гэрээ байгуулсан зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн MOSCAP нийгэмлэг энэ асуудлыг хариуцдаг. Тэднийх гишүүн уран бүтээлчдийнхээ эрх ашгийг хамгаалдаг. Тэгэхээр тус байгууллагын гишүүн яруу найрагч, хөгжмийн зохиолчийн бүтээлийг хэн нэгэн дуучин дуулж, хөлс авсан бол MOSCAP-тай үүсгэсэн гэрээний хүрээнд тодорхой хэмжээний мөнгө тушаах ёстой. Байгууллага түүнийг нь яруу найрагч, хөгжмийн зохиолчдод олгох учиртай. Тэгэхээр энэ ажлыг хэрхэн явуулж буй тухайд MOSCAP-аас асуугаарай. Дуучин тухайн бүтээлийг анхнаас нь аминыхаас бусад бүх эрхийг захиран зарцуулахаар худалдаж авсан тохиолдол байдаг шүү” гэлээ. Амины эрхийг үлдээнэ гэдэг нь тухайлбал дуучин дууг олонд хүргэж, мөнгө олохдоо бүтээгчдийн нэрийг дурдаж явна гэсэн үг аж. Түүнээс биш дуулах болгондоо MOSCAP-аар дамжуулж хувь хүртээхгүй юм байна. Эндээс үзэхэд дуучдын хэд нь яруу найрагч, хөгжмийн зохиолчдоос бүтээлийг нь анхнаас нь, амины эрхээс бусдыг нь худалдаж авсан байдаг юм бол гэсэн асуулт гарна. Энэ талаар MOSCAP-ын Удирдах зөвлөлийн дарга, сэтгүүлч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатараас тодруулсан юм. Тэрбээр завгүй яваа тул дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй гээд “Бид гишүүн уран бүтээлчид, байгууллагууддаа үйлчилж байгаа. Зохиогчийн эрхийн тухай хууль хараарай. Түүнд хамтын удирдлагын байгууллага гэж бий. Үүний дагуу яруу найрагч, хөгжмийн зохиолчдын эрх ашгийг төлөөлж хамгаалах үүрэг хүлээсэн нь манайх. Дуу бичлэгтэй холбоотой асуудлууд хамаарах эрх гэдэгт холбогдоно. Энэ талд Дуу бичлэгийн үндэсний төв гэж, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнгийн тэргүүлдэг байгууллага бүтээгчдийг төлөөлж, хамгаалж ажилладаг юм. Тэгэхээр дуучдын бичлэгийн эрх зэрэг нь биднээс ангид юм. Өөрөөр хэлбэл, дуучид, хөгжмийн найруулагчид манай гишүүн байдаггүй. Зөвхөн яруу найрагчид, хөгжмийн зохиолчид л манайд гишүүнээр элсдэг. Ийм системтэй. Гэхдээ ер нь иж бүрэн болж чадахгүй байна” гэсэн юм. Бүдэг бадаг хариулт. Жилд хэн, хэн гэдэг яруу найрагч, хөгжмийн зохиолчид хэдэн төгрөг олгосон талаар мэдээлэл авахыг хүссэн ч бүтсэнгүй.
Тэрбээр 2011 онд байгуулагдсан MOSCAP хэмээх уг байгууллагын гүйцэтгэх захирлаар хэдхэн хоногийн өмнөххүртэл ажилласан. Эдүгээ Анарзаяа хэмээх бүсгүй гүйцэтгэх захирлын ажил хүлээж аваад байгаа юм билээ. Шинэхэн захирал байгууллагын дотоодод юуболж байдаг талаар ярих өдөр ирэх үү, үгүй юү. Яагаад ийм өнгөөр хэлж байна гэхээр Удирдах зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар ажлаа хийж чадахгүй байна, яруу найрагч, хөгжмийн зохиолчдын эрхийг хамгаалж чаддаггүй гэж шүүмжилсэн уран бүтээлч цөөнгүй байна. Эндээс тэрбээр MOSCAP-ын гишүүн хувь уран бүтээлчид болон байгууллагуудын шаардлагаар ажлаа өгч байгаа юм болов уу гэж ч харахаар. Тийм байж магадгүй гэж хардах үндэслэл бас буй юм. Саяхан Соёлын яамнаас зохион байгуулсан “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр хөтлөгчийн асуултад хариулахгүй, бултуулаад буусанд хэлэлцүүлэгт оролцсон уран бүтээлчид дургүйцсэн. “Тодорхой юм ярьдаггүй”, “Өөрийнхөө бүтээлүүдийг хамгаалах гэж л энэ байгууллагын толгойд суудаг юм шиг санагддаг” гэсэн хүн ч нэг бус байсан юм.
Дууны уран бүтээл туурвигчдын хөдөлмөр талаар болдог, хэн ч хамгаалдаггүй, хуулийг хэрэгжүүлдэггүй гэж гомдоллож байсан хүмүүсийн нэг бол хөгжмийн зохиолч, хүүхдийн дууны гэж алдаршсан С.Батболд юм. Тэрбээр “Олон караокед миний бүтээсэн 20 гаруй хүүхдийн дуу бий. Гэтэл би ер мөнгө авч үзээгүй. Бас “Анхны хайр” гээд, Н.Өнөдэлгэрийн дуулсан дууны үг, аяыг би зохиосон. Бүхий л FM явуулж, караокед дуулцгаах юм. Бас дунд сургуулийн сурах бичигт 10 гаруй дуу минь байгаа. Гэтэл ингэж ашиглаж байгаагийнхаа төлөө хэн ч, ямар ч байгууллага надад мөнгө өгдөггүй. Монголд оюуны бүтээл, өмчийг шударгаар хамгаалах ёс байх ёстой биздээ” гэж байсан. Энэ мэтчилэн дууны уран бүтээлийг дур мэдэн ашиглах хэрнээ бүтээн туурвигчдад нь ашиг гэж олигтой юм очдоггүй хэвээр бололтой.
Оюуны өмчийн газрынхны хэлснээр дуучид нь яруу найрагч, хөгжмийн зохиолчидтой аман гэрээ хийж, бүтээлийг нь ашиглаад “Баярлалаа” хэмээн чамгүй мөнгө өгдөг байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар яруу найрагч, хөгжмийн зохиолчид оюуны бүтээлээ үнэлүүлэх тухайд өөрсдөө санаачилгатай, идэвхтэй байх шаардлагатай мэт.
Караокед дуу ашигласны төлөө мөнгө төлдөггүй “туршлага” бол зөвхөн манай оронд байдаг юм билээ. Европын орнууд, Азийн хөгжингүй улсуудад бол бүтээн туурвигчдын хөгжим, дуу хаана эгшиглэж, дуулагдана, тэр болгонд тоолуур эргэж, туурвигчдын нэр дээрх дансад орж байдаг гэдэг. Энэ талаар Оюуны өмчийн газрын хяналтын мэргэжилтэн “Манай улсад тоолууртай болгох тухай эрчимтэй ярьж эхэлсэн. “Соёмбо” караоке анхны оролдлого хийж байлаа. Одоогийн байдлаар тухайлбал аль нэг караокед дуучин Сараагийн дуулсныг нэг удаа, харин С.Жавхлангийн дуулсныг 10 удаа сонгосон байсан ч үнэлгээ ялгаагүй тогтоогдохоор байгаа юм. Тэгэхээр энэ нь сууриар нь харж, бодлогоор хангаж байж хийх ёстой ажил гэдгийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрөөд байна. Гитарчин Д.Өлзий-Орших Соёлын яамнаас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр “Монгол HD” телевизийнхэн бүтээсэн дуугаар нь олон нийтийн сүлжээнд сая хүртэлх тооны хандалт авсан хэрнээ дууг нь ашигласны төлөө мөнгө өгдөггүй гэсэн. Шууд тус телевизийн нэр дээр ийм маягаар гомдол гаргах нь эрх зүйн учир холбогдолгүй юм” гэв.
Эцэст нь дуу, хөгжим, яруунайраг, уран зураг гэхчлэн оюуны бүтээл туурвигсад эдүгээ мөрдөж буй Оюуны өмчийн тухай, Зохиогчийн эрхийн тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай, Патентын тухай гэсэн хуулийн хооронд учраа олж, оюуны бүтээлээ хамгаалуулж чаддаггүй нь харагдаж байна.
Оюуны бүтээлийн үнэлэмж доройтсоор байдгийн учир хуулиудад, тэдгээрийг хэрэгжүүлэх арга, ажиллагаа, төрийн өмнө үүрэг хүлээсэн байгууллагад сандал суудал бөглөж суудаг хүмүүсийн санаачилга, сэтгэл, зүтгэл дутагддагтай холбоотой ч мэт.