Германы нийслэлийн захын дүүрэг дэх хуучин нисэх буудалд бараг 1000 орчим хүн халаалт бүхий том майханд хоног төөрүүлдэг. Украины дүрвэгсдийг хүлээн авахад Берлин хотынхонд хүндрэлтэй болжээ. Хүйтэрч, Украины эрчим хүчний дэд бүтцэд ОХУ халдсаар байгаа тул Германы эрх баригчид 10 000 орчим хүн нэмж ирэхэд яаран бэлдэж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр дайн эхэлснээс хойш Украины нэг сая иргэн Герман руу дүрвэсэн гэнэ. Энэ нь төдий тооны хүн энд орогнож байсан 2015, 2016 оныг германчуудад санагдуулжээ. Өдгөө тийм олон дүрвэгчийг байрлуулах асуудал түгшүүр төрүүлж буй аж.
Дүрвэгсдийг хүлээн авах гол төв болсон Берлиний нисэх буудлын терминалд өдөр бүр 100 орчим украин хүн очдог гэнэ. Буудлын тод өнгийн хантааз өмссөн ажилчид тэднийг түр байрлуулсан хүлээлгийн танхимууд руу аваачна. Энд хоол хүнс, эмнэлгийн үйлчилгээ авч, хэдэн шөнө хоноглох боломжтой. Гэвч дүрвэгсдийн олонх нь энд удаан хугацаагаар байрладаг. Тус хотод байнгын орон сууц олох нь улам бүр хэцүү, Германы бусад бүс нутаг руу хүмүүсийг явуулах ч улам хүндрэлтэй болж байна. Тиймээс өмнөх туршлагад үндэслэн дүрвэгсдийг урт хугацааны оршин суухад зориулан угаалгын машин худалдаж авч, үзвэр үйлчилгээ зохион байгуулж, 300 хүүхдийг сургах боломжийг өргөжүүлэхээр чармайхын сацуу заримыг нь Украины сургуулиудтай видео холбоосоор холбож өгчээ. Дүрвэгсдийг хүлээн авахын тулд сургуулийн биеийн тамирын заал түрээслэхийг Германы иргэд ихэд эсэргүүцэх болсон гэнэ. Энэ онд дүрвэгсдийн орон байранд 65 удаа халдсан нь 2021 онтой харьцуулахад хамаагүй өндөр үзүүлэлт аж. Үндэсний телевизээс нь саяхан явуулсан судалгаанаас үзвэл цагаачлалын талаарх санаа зовоосон асуудал сүүлийн нэг жилийн хугацаанд нэмэгдэж, оролцогсдын 53 хувь нь Германд хэт олон хүн ирж байгаад түгшиж буйгаа илэрхийлсэн нь 2021 оны есдүгээр сарынхаас 11 хувиар өссөн үзүүлэлт болжээ.