Арваннэгдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд цаг агаар эрс муудаж, цочир хүйтэрч Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурсны улмаас улсын хилд мал тулсан хэд хэдэн удаагийн үйлдлийг хилчид тогтоон эздэд нь хүлээлгэн өглөө. Тодруулбал, Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсгээр 4.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий шуурганд уруудсан 4500 гаруй толгой мал, Сүхбаатар аймаг дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хариуцсан хэсэгт эзэн хариулгагүй 940 сая төгрөгийн үнэ бүхий 700 гаруй тооны толгой адуу, 200 орчим тооны толгой үхэр, Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр 150 сая төгрөгийн үнэ бүхий 100 гаруй толгой адуу улсын хилд тулсныг тогтоон ард иргэдэд учирч болох нийт 5.9 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ. Шуурганд уруудсан, эзэн хариулгагүй орхигдсон малыг орон нутгийн оршин суугчид болон хил хамгаалалтад туслах хүчний гишүүдтэй хамтран эздэд нь хүлээлгэн өгөөд байна.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан