-Монголд хүнсний аюулгүй байдал хэр хангагдсан бол. Аюулгүй байдал алдагдсан, эсэхийг юугаар хэмждэг вэ?
-Хүнсний аюулгүй байдал гэдэг нь маш өргөн хүрээний ойлголт. Үүнийг хангасан, үгүй нь хөдөө аж ахуйн салбарын хөгжил, байгаль орчны нөхцөл, эдийн засгийн боломжоор хэмжигдэх төдийгүй салбар хоорондын хамтын ажиллагаа, Засгийн газрын бодлого, аливаа шийдвэрийг удаан хугацаанд тогтвортой мөрдөж буй, эсэхээр тодорхойлогдоно. Эхлээд хүнсний аюулгүй байдал гэж юуг ойлгох вэ гэдгийг тодруулах нь зүйтэй болов уу. 1996 онд Дэлхийн хүнсний дээд хэмжээний уулзалтаар “Хүн бүр амьдралынхаа бүх цаг үед өөрийн шим тэжээлийн хэрэгцээгээ хангахуйц аюулгүй, тэжээллэг хүнсийг хангалттай хэмжээгээр, биет байдлаар болон эдийн засгийн боломжоор хүртэж, бас идэвхтэй, эрүүл амьдрахад хэрэгцээтэй хоол, хүнсний сонголтоо хийж чадаж байвал хүнсний аюулгүй байдал хувь хүн, дэлхийн түвшинд хангагдана” гэж тунхагласан. Өөрөөр хэлбэл, хүнсний хангамж, хүртээмж, шим тэжээл болон тогтвортой байдал гэсэн дөрвөн тулгуур үзүүлэлтээр хүнсний аюулгүй байдлыг хэмждэг. Манай орны хувьд Үндэсний статистикийн хорооноос 2015 онд баталсан Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлалд үндэслэн хүнсний хангамжийг тооцож буй. Түүнчлэн Монголд хүнсний хүртээмж ямар байгааг харахын тулд газар зүй, нийгэм, эдийн засгийн ялгаатай нөхцөлд амьдарч буй өрхүүд, хүмүүсийн хүнсний хэрэглээг судлах шаардлагатай. Гэтэл яг ийм зорилгоор улсын хэмжээнд хийсэн бүрэн судалгаа байхгүй. Тус хорооноос хоёр жил тутам Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн хүнсний хүртээмжийн тооцоог гаргадаг. 2014-2018 онд нэг хүний хүнсний хэрэглээний илчлэгээр тооцсон дүн 2114-2275 ккал байсан бол баруун бүсэд дээрх дүн хамгийн бага буюу 1823-2063 байжээ. Нийгэм, эдийн засгийн ялгаа, иргэдийн амьдран суугаа орчин зэргээс шалтгаалж харилцан адилгүй байгаа хэрэг. Өндөр орлоготой өрхийн гишүүний өдөрт хэрэглэж буй хоолны илчлэг нь бага орлоготой өрхийнхөөс 1.7 дахин илүү байгаа нь харагдсан.
-Зохих шим тэжээлт хүнсээ хэрэглэж чадахгүй байх нь хүнсний аюулгүй байдал алдагдсан гэж тооцох нэг үндэслэл болно гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Сүүлийн 12 сарын хугацаанд мөнгө болон бусад эх үүсвэрийн дутагдлаас хоол хүнсний хэмжээ нь багассан, эсвэл өлссөн үү гэх мэт найман асуумжид тулгуурлан хүнсний аюулгүй байдал алдагдсан, эсэхийг тодорхойлж болдог. Тэгвэл 2014-2016 онд хүн амын 21, 2018-2020 онд 26.2 хувь нь хүнсний аюулгүй байдал нь алдагдсан гэж дүгнэж болохоор хариулт өгсөн. Энэ нь нийт өрхийн дөрөвний нэг нь хоол хүнсийг хэрэгцээнийхээ хэрээр хүртэж чаддаггүй, магадгүй байдал дордвол өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй гэсэн үг.
-Хүнсний аюулгүй байдал алдагдах, хүртээмжгүй нөхцөл үүсэхэд юу нөлөөлж байна вэ?
-Хүнсний хүртээмж муу байх олон шалтгаан бий. Гол шалтгаан нь өрхийн орлого болон хоол, хүнсний зардлын хэмжээ юм. Монголд өрхүүд орлогынхоо 29-45 хувийг хоол хүнс худалдан авахад зарцуулдаг статистик бий. Тухайлбал, өндөр орлоготой бүлэг түүнийхээ 29-30, бага орлоготой нь 42-45 хувийг хүнсэндээ зарцуулдаг аж. Өрхийн орлого бага байх тусам ихэнхээр нь хүнс худалдан авч, боловсрол, эрүүл мэнд зэрэг чухал хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч буй хэрэг. 2020 оныхтой харьцуулахад энэ жил хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны үнэ 20-160 хувиар өссөн учраас хүнсний аюулгүй байдал илүү алдагдсан гэхэд болно. Ган, зуд зэрэг цаг агаарын хүндрэлтэй үед иргэдийг аюулгүй, тэжээллэг хоол хүнсээр тасралтгүй хангах нөхцөл бүрдүүлэх, зөв төлөвлөх хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлт хүнсний сүлжээний үе шат бүрт хоол хүнсний шим тэжээлийг алдагдуулж, тэжээлийн дутагдлыг даамжруулдаг гэдгийг ойлгож, бодлого, шийдэлдээ хөдөө аж ахуй, байгаль орчны салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлага тулгарч байна.
-Уур амьсгалын өөрчлөлт манай улсын иргэдийн амьжиргаанд, хүнсний шим тэжээлийн байдалд хэрхэн нөлөөлж буй талаарх судалгаа бий юү?
-Ийм судалгааг манай байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хүнсний бодлогын судалгааны төв, ХААИС хамтран хийсэн. Эндээс уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсын агаарын хэм, хур тунадасны хэмжээ, хөдөө аж ахуйд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж гарсан. Тухайлбал, өвлийн ургац нэмэгдэх магадлалтай. Өмнө нь хэт хүйтэрч байсан бүсүүдэд өвлийн тариалалтын хэмжээ өсөж болно. Улмаар 2050 он гэхэд үр тарианы ургацын хэмжээ дөрөв, төмснийх 28-аас дээш хувиар нэмэгдэх боломжтой. Нөгөөтээгүүр, ирэх 30 жилд агаарын хэм одоогийнхоос таваар дулаарч дэлхийн дунджаас дээшилж, орон нутгийнхны амьжиргаа, хоол хүнс, шим тэжээллэг байдалд нөлөө үзүүлж болзошгүй. Тиймээс Монголд хоол хүнсний шим тэжээлийн хомсдолыг шийдвэрлэх, орон нутагт хүнсний нэр, төрлийг нь олшруулах, эрүүл хоолны эрэлт, хэрэглээг нэмэгдүүлэх урт хугацааны, төлөвлөгөөт ажил хийх хэрэгтэй. Энэ талаар авч хэрэгжүүлэх цуврал арга хэмжээний санал, зөвлөмжийг дээрх судалгааны тайланд оруулсан. Түүнчлэн хүнсний аюулгүй байдал хангагдаж буй, эсэх талаар дэлгэрүүлж хэлэхэд, тухайн өрхийн хоол хүнс хангалттай тэжээллэг, чанартай, хүртээмжтэй ч өрхийн гишүүн бүр зохистой хэмжээгээр хүртэж байна уу гэдэг нь чухал. Судалгааны дүнгээс харахад бичил шим тэжээлийн дутагдал хүн амын бүх бүлэг, ялангуяа нялх, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд дунд түгээмэл тархалттайг тогтоосон. Бүс нутгийн түвшинд илүүдэл жин, таргалалт бүх насныханд нэмэгдсээр байгаа нь хүн амын эрүүл мэндэд тулгарч болзошгүй хамгийн том эрсдэл болсон. Тодруулбал, насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 51 хувь нь илүүдэл жинтэй байна. Хэрэв хүнсэндээ анхаарахгүй бол илүүдэл жин, таргалалттай холбоотой халдварын бус архаг өвчний тархалт улам бүр нэмэгдэнэ. Тиймээс хүнс, шим тэжээлийн аюулгүй байдлын бодлого, чиг хандлага нь зөвхөн хүнсний хангамжид анхаарах биш, шим тэжээллэг байдлыг нь өсгөхөд чиглэх учиртай.
НҮБ-ын Хүнсний системийн дээд хэмжээний уулзалт 2021 оны есдүгээр сард болсон. Үүнийг угтан Монгол Улсын хүнсний тогтолцооны төлөв байдлын дүн шинжилгээг манай байгууллага, Европын Холбоотой хамтран хийсэн. Үүгээр Монголд хэрэглээний тэнцвэргүй байдлаас үүдэн хүн амын хоол хүнсний байдал цаашид дордож магадгүй нь харагдсан. Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, сүүн бүтээгдэхүүний хувьд импортоос өндөр хамааралтай хэвээр байхын зэрэгцээ энергийн болон тэжээллэг чанар багатай ундаа, боловсруулсан хүнсний худалдан авалт нэмэгдэх төлөв бий. Бэлчээрийн доройтол болон хөрсний элэгдэл нэмэгдэн, биологийн олон янз байдал алдагдах, хөдөө аж ахуйн бүтээмж буурах зэрэг аюул нүүрлэн, жижиг үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдын амьжиргаанд эрсдэл учрах магадлалтай. Үүнээс гадна ядмаг дэд бүтэц, зохицуулалт муутай өртгийн сүлжээ, хүнсний аюулгүй байдлын хяналт хангалтгүй, бүс нутгийн тэнцвэргүй байдал асуудал дагуулсан хэвээр байх нь. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цагаа олсон ажил. Гагцхүү үүнийг хэрэгжүүлэхдээ судалгаа, дүн шинжилгээнд суурилан хөрөнгө оруулбал таван жилийн хугацаанд хүнсний аюулгүй байдлыг хангахад дорвитой ахиц гарах боломжтой.
-Манай оронд анх удаа Органик хүнсний тухай хууль батлахаар бэлтгэж байна. Ийм хууль батлахын ач холбогдол юу вэ?
-Органик хөдөө аж ахуй нь биологийн олон янз байдал, биологийн мөчлөг, хөрсний идэвхжил зэрэг агро, экосистемийн эрүүл мэндийг дэмжих, сайжруулахад чиглэсэн үйлдвэрлэлийн цогц менежмент юм. Энд зөвхөн эцсийн бүтээгдэхүүний тухай бус, үйлдвэрлэлийн бүрэн тогтолцооны талаар хөндөгдөнө. Эл тогтолцооны үйлдвэрлэл, боловсруулалт, тээвэрлэлт, хүргэлт зэрэг бүх үе шатанд гений өөрчлөлттэй организм болон пестицид, малын эм, нэмэлт бодис, бордоо зэргийг ашиглахыг хориглодог. Тиймээс эл салбарыг хөгжүүлэхийн тулд эрх зүйн байдлыг нь тодорхой болгох шаардлагатай. Органик хүнсний тухай хуулийн төсөл боловсруулахад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас техникийн туслалцаа үзүүлсэн. Уг хуулийг батлахтай холбоотой ажлыг мөн тууштай дэмжин, техникийн туслалцаагаар ханган ажиллаж буй.
-Органик хүнсийг хэрхэн танин баталгаажуулах вэ. Үүнийг аль байгууллага хянах ёстой вэ?
-Органик хүнсийг ердийн бүтээгдэхүүнээс шууд ялгах боломжгүй тул гуравдагч этгээдийн баталгаажуулалт маш чухал. Баталгаажуулалт нь органик үйлдвэрлэл, бүтээгдэхүүнд хэрэглэгчдийн итгэх итгэлийг бий болгохын сацуу органик газар тариалангийн онцлог шинж чанарыг тодотгож, зах зээлд нэвтрэх боломжийг хялбар болгодог. Мөн бү тээг дэхүүний шошгоор нь ялгах боломж бүр дүүл дэг. Одоогоор дэлхийд Хамтын баталгаажуулалтын системийг органик хөдөө аж ахуйн баталгаажуулалтад зонхилон хэрэглэж буй. Энэ нь жижиг тариаланчдад илүү тохиромжтой. Манайд тулгамдаж байгаа асуудал бол бүх түвшинд органик үйлдвэрлэлийн арга, зарчмын талаарх зөв мэдлэг, мэдээлэл хомс байна.
-Олон улсад органик хүнсний үйлдвэрлэл, хэрэглээ ямар байгаа бол?
-Дэлхий даяар байгаль орчинд хор нөлөөтэй үйлдвэрлэл эрхлэх, байгальд ээлгүй бараа, бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж, гарал үүслийг нь сайтар магадалдаг болсон. Ийм мэдлэг, мэдрэмжтэй хэрэглэгчдийн тоо ч өссөөр байгаа. Тэд органик хүнс хэрэглэхийг чухалчилж худалданавч байна. Энэ нь цаашилбал, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний салбарт томоохон шинэчлэл болсоор буй. Мөн хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлэх тусам илүү чанартай амьдралын хэв маяг сонгон, эрүүл хүнсний эрэлт нэмэгдэн, органик хүнсний худалдан авалт тогтмол өсөж байна л даа. Хэд хэдэн улсыг хамруулж, хэрэглэгчид органик хүнс худалдан авахад юу нөлөөлж байгаа талаар хийсэн судалгаанд эрүүл мэндийн боловсрол, үнийн талаарх ойлголт, субъектив хэм хэмжээ зэрэг хүчин зүйл нөлөөлж байгааг харуулсан. Өөрөөр хэлбэл, хүнс болон ахуйн хэрэглээндээ юу сонгохоо мэддэг, мэдлэгтэй хүмүүс органик хүнсийг түлхүү худалдан авдаг аж.
-Монголд газар тариалангийн бүтээгдэхүүнд төрөл бүрийн химийн бодис, пестицид хэрэглэдэг. Үүнийг шалгаж тогтоодог байгууллагагүйгээс иргэд хортой, химийн бодисын үлдэгдэлтэй хүнс хэрэглэдэг гэж зарим хүн хэлэх нь бий. Энэ нь хэр бодитой бол?
-Ургацын чанар, хэмжээг нь нэмэгдүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд ургамлын хөнөөлт организмтой тэмцэх зорилгоор пестицидийг өргөн хэрэглэдэг. Пестицидийг оновчтой хэрэглэснээр их хэмжээний ургац алдахаас хамгаалдаг болох нь нэгэнт нотлогдсон учраас цаашид газар тариалангийн үйлдвэрлэлд үүрэг тэй хэвээр байна. Гагцхүү уг бодисын хүн, байгаль орчинд үзүүлэх нөлөөг сайтар судалж, үргэлж анхаарах нь чухал. Хүнсэн дэх пестицидийн үлдэгдлийн эрсдэлийн үнэлгээг пестицидийн үндэсний бүртгэл болон шинжлэх ухааны судалгаанд үндэслэн хийдэг. Эрсдэлийн түвшнийг гаргасны дараа пестицид нь хоол хүнсээр дамжин хүний бие организмд ороход хор хөнөөл учруулахгүй байх хязгаарыг тогтоодог. Одоогоор 200 орчим нэр, төрлийн пестицидийг хамарсан 4300 гаруй үлдэгдлийн дээд хэмжээг баталсан. Манайд хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5868:2008 стандартыг мөрддөг. Энэ нь олон улсад хүнсний аюулгүй байдлын стандарт тогтоодог байгууллага болох Хүнсний хууль, эрх зүйн хорооноос баталсан стандартыг шууд орчуулсан жишээ юм. Уг хорооны санд тогтмол өөрчлөлт хийдэг бөгөөд хамгийн сүүлийн шинэчлэлтийг 2019 онд оруулжээ. Харин манайд дээрх стандартыг 2008 оноос хойш өөрчлөөгүй, лабораторийн хүчин чадлаас шалтгаалж пестицидийн шинжилгээг хязгаарлагдмал түвшинд хийж буй.
Лабораториудын хүчин чадал муугаас импортын хүнсний ногоо, жимс, жимсгэнэ ба бусад ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийг тогтмол хянаж чадахгүй байгаа нь бодит үнэн. Гэхдээ ямар нэгэн нотолгоо, судалгаагүйгээр хортой, химийн бодисын үлдэгдэл бүхий хүнс хэрэглэдэг гэж шууд дүгнэх боломжгүй. Нөхцөл байдлыг сайжруулах үүднээс ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдлийг хянах хөтөлбөрийн төслийг манай байгууллагын техникийн туслалцаатай боловсруулсан. Үүнийг холбогдох эрх бүхий байгууллага нь хэлэлцэн, батлах л хэрэгтэй байгаа юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дотоодод үйлдвэрлэсэн болон импортын хүнсний бүтээгдэхүүнд эрсдэлд суурилсан хяналт тавих, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үр тарианы шинжилгээний тоо хэмжээ, давтамжийг өсгөх, тэдгээрт агуулагдах пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсынхтай нийцүүлэн үе шаттай шинэчлэн тогтоох зэрэг ач холбогдолтой.