Энэ сарын 28-29-нд шилжих шөнө нийт нутгаар эрс хүйтэрч, агаарын температурын үнэмлэхүй утга эвдэгдсэн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тодруулбал, 1975 оноос хойших арваннэгдүгээр сарын хамгийн хүйтэн шөнө болжээ. Тухайн шөнө Завханы Отгон сумд 43 градуст хүрч хүйтэрсэн нь дээд үзүүлэлт аж. Улаанбаатар хотын тухайд Яармаг, Сонгинын орчимд -39 градуст хүрсэн нь дээд үзүүлэлт бөгөөд бусад хэсэгт 30-35 градусын хүйтэн байсан гэнэ. Цаг уурын эл нөхцөл байдлын улмаас иргэд төөрсөн, малдаа яваад сураггүй болсон, мал хорогдсон тохиолдол орон нутагт цөөнгүй гарчээ. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн нутагт нэгэн иргэн малдаа яваад сураггүй болсон бөгөөд холбогдох албаныхан, нутгийн иргэд хамтран эрэн хайх ажиллагаа явуулсны үр дүнд олсон байна. Тухайн иргэний нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байжээ. Мөн тус аймгийн Бууцагаан сумын нутагт 50 настай иргэн сураггүй болсон бөгөөд онцгой байдлын албаныхан түүнийг бага зэргийн осголттой байхад нь олсон аж. Түүнчлэн Увс аймгийн Наранбулаг сумын нутагт хүчтэй цасан шуурга шуурсны улмаас хоёр өрхийн 144 бог мал хорогджээ. Тус сумаас Ховд аймаг руу отроор явж байсан 10 айлын 72 үхэр мөн хорогдсон байна. Үүнээс гадна Увсын Өндөрхангай сумын нутагт хүчтэй цасан шуурга шуурсны улмаас хоёр айлын гэр нуржээ.
Бэлтгэсэн М.Оч