“Би 20 гаруй настайдаа сургуульд ажилд орж, дээд боловсрол эзэмшин багш болсон. Улсад 39 жил таван сар ажиллаад 2021 оны зургадугаар сард гавьяаныхаа амралтад суухад 484 000 төгрөгөөр тэтгэврээ тогтоолгосон. Тэтгэврийн доод хэмжээг 2022 оноос сард 500 000 төгрөг болгосон учраас өдгөө ийм дүнгээр авч буй. Бараг 40 жил ажиллан, сар бүр цалингаасаа нийгмийн даатгалийн шимтгэл төлсөн ч өдгөө сард 500 000 төгрөгийн тэтгэвэр авч буйдаа гомдолтой байна. Инфляц тасралтгүй өссөөр буй ийм үед 500 000 төгрөг хаанаа ч хүрэхгүй юм” хэмээн Сонгинохайрхан дүүргийн иргэн Ч.Хандсүрэн ярилаа. Тэрбээр мөн “Урлагийн байгууллагад ажиллаж байгаад 1993 онд 37-тойдоо тэтгэвэрт гарсан, надаас хэдэн насаар эгчмэд эмэгтэй бий. Тэрбээр театрт 16-17 жил ажилласан бөгөөд өдгөө авч буй тэтгэвэр нь минийхтэй ойролцоо буюу 485 000 төгрөг. 35-40 жил ажилласан хүмүүсээс хоёр дахин бага хугацаанд ажилласан атлаа адил хэмжээний тэтгэвэр авдаг нь манай улсад эл тогтолцоо буруу байгаагийн илэрхийлэл” хэмээн бухимдангуй өгүүлсэн юм.
Баянгол дүүргийн иргэн Ч.Ариунбаяр “Миний аав төмөр замд (УБТЗ ХНН) 35 жил ажиллаад 2021 оны хоёрдугаар сард тэтгэвэрт гараад харамсалтай нь долдугаар сард нь нас барсан. Тэтгэврийн 800 000 орчим төгрөгөөдөрвөн сар л авсан гэсэн үг. Монгол эрчүүд дунджаар 66 насалж буй статистик бий бөгөөд тэтгэврийн насны доод хэмжээ 60. 25 настайдаа ажилд орж 35-40 жил тасралтгүй ажиллаад, ядаж 10 жил тэтгэвэр аваад суух эр хүн тийм олон биш гэсэн үг. Энд юу хэлэх гээд байна вэ гэвэл 30-аас дээш жил ажилласан хүмүүсийн тэтгэврийг өвлүүлдэг, хань ижил, үр хүүхдүүдэд нь ядаж таван жил тасралтгүй олгодог болох сон” гэсэнюм. Тэгвэл барилгын автоматжуулалтын чиглэлийн нэгэн компанийн инженер Г.Саруулдөл “Би 1.8 сая төгрөгийн цалингийнхаа 25 орчим хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Үүний 17 хувь нь тэтгэврийн шимтгэл бөгөөд сар бүр манай компани болон надаас нийт 300 000 орчим төгрөг улс авдаг гэсэн үг. Хэрэв би эл мөнгийг жилийн таван хувийн хүү тооцуулж хуримтлуулбал 25 жилийн дараа 143 орчим сая төгрөгтэй болох тооцоо гаргасан. Гэтэл ажил хийж буй учраас заавал шимтгэл төлөх хэрэгтэй бөгөөд олон жилийн дараа бага тэтгэвэр авах, хуримтлалгүй амьдрах болдог нь учир дутагдалтай” хэмээж байлаа. Энэ мэтчилэн дурдвал тэтгэврийн даатгалыг шинэчлэх шаардлага манай улсад их.
Монгол Улсын Тэтгэврийн даатгалын сан нь ажилтны цалингаас 8.5, ажил олгогчоос үлдсэнийг нь буюу нийт 17 орчим хувийг төвлөрүүлдэг хамгийн өндөр шимтгэлтэй сан юм. Гэсэн ч уг сан сүүлийн 10 орчим жил байнга алдагдал хүлээж иржээ. Тодруулбал, алдагдлынх нь хэмжээ өнгөрсөн оны байдлаар 600 тэрбум төгрөгөөс давсан бол ирэх 3-4 жилд уг дүн нэг их наядад хүрэх магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна. Ийн алдагдалтай ажиллаж байгаагийн нэг шалтгаан нь орлогоороо зарлагаа нөхөж ирсэнтэй холбоотой. Нөгөөтээгүүр, хуримтлуулж буй хөрөнгөө өсгөх, менежмент хийх нь бүү хэл, сангийн мөнгийг байршуулж байсан банк нь дампуурсан зэргээс шалтгаалж буй юм. Нэгэнт Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж, хуримтлалгүй болсон учраас өдгөө ажиллаж буй хүмүүсийн цалингийн шимтгэл болон улсын төсвөөс тэтгэвэр олгож байгаа хэрэг. Тодруулбал, нийт тэтгэврийн насныхны 80 орчим хувь, 308 000 орчим иргэн бүрэн буюу 500 000 төгрөгийн тэтгэвэр өдгөө (хувь тэнцүүлсэн тэтгэвэр, тэтгэмжийг хассан дүн) авдаг. Энэ нь нэг сая гаруй төгрөгийн цалинтай гурван хүний шимтгэлийн нийлбэр гэсэн үг. Хүн амын дундаж наслалт нэмэгдэн, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдийн тоо буурах хандлагатай байгаатай холбоотойгоор 2040 он гэхэд иргэддээ тэтгэвэр олгохын тулд нэг хүний цалингийн бараг 50 хувийг зарцуулах магадлалтай болсныг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс үүнээс сэргийлэх, Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах, ажил эрхлэгч, тэтгэвэр авагч талуудад аль алинд нь өгөөжтэй тогтолцоо бүрдүүлэхийн тулд шинэчлэл хийх хэрэгтэй гэж яриад цөөнгүй жил өнгөрлөө. Тэтгэврийн тогтолцоог шинэчилснээр товчхон хэлбэл, хагас хуримтлалын тогтолцоо бий болгон, хүн идэвхтэй ажиллаж, хөдөлмөрлөж байхдаа олсон орлогоос ирээдүйдээ хэрэглэх боломж бүрдүүлж, тэтгэвэр нь өвлөгддөг тогтолцоо бий болгоно гэсэн. Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг эргэлтэд оруулж (ийм сангийн хөрөнгийг урт хугацаанд, олон хүнийг хамруулж төвлөрүүлдэг учраас хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хэрэгслэл болгоход хамгийн тохиромжтой гэдэг) арвижуулах, хувийн тэтгэврийн сан байгуулах талаар чмөн хөндөж байгаа. Тэгвэл эл асуудлаар ямар ажил хийсэн, ахиц дэвшил гарч буй, эсэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхнаастодруулахад “Тэтгэврийн тогтолцоондөөрчлөлт оруулах, шинэчлэхтэй холбоотой асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд шийднэ. Манай яамны зүгээс тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг цуврал байдлаар хүлээн авч, цөөнгүй удаа хэлэлцүүлэг өрнүүлж, санал, зөвлөмж боловсруулсан. Үүнийгээ салбарын сайдад хүлээлгэн өгсөн бөгөөд хууль шинэчлэгдэхэд илүү тодорхой болно. Одоогоор тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтэй холбоотой хуулийг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна” гэв. Тэгвэл тэтгэврийн даатгалын шимтгэл төлөгчийн тоо багасаж, сангийн алдагдал өсөж буй, эсэх талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрынхнааславлахад “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, ажилтан хоёр тал албан журмаар төлдөг учраас буураагүй, бага зэргийн өсөлттэй байгаа. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын байдлаар тэтгэврийн сангийн орлого 1.5, зардал нь 2.2 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь сүүлийн нэг жилд орлогын хэмжээ 300, зарлага нь 600 орчим тэрбум төгрөгөөр өссөн дүн. Түүнчлэн улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд есдүгээр сард 661 тэрбум гаруй төгрөг татан авсан нь 2021 оны мөн үеийнхээс 200 тэрбумаар өссөн дүн болсон. Өөрөөр хэлбэл, уг санд төсвөөс татаас олгохгүй бол болохгүй нь гэсэн үг. Уг сангийн зардлын 90 орчим хувийг тэтгэвэрт зарцуулдаг” гэсэн юм.
Өдгөө ажил хийж буй хүмүүс, тэтгэвэр авагчид аль аль тал нь одоогийн Тэтгэврийн даатгалын сангийн тогтолцоо, шимтгэлийн хувь хэмжээнд сэтгэл дундуур байдаг. Дээр дурдсан жишээнээс харахад л иргэд Тэтгэврийн даатгалын санд албан журмаар мөнгө “өгснөөс” хувьдаа хуримтлуулбал ямар үр дүнд хүрэхээ хэдийн тооцжээ. Мөн олон жил ажиллаад бага тэтгэвэр авдаг, тэтгэвэр нь өвлөгддөггүй зэрэгт иргэд байнга гомдол мэдүүлэх болсон. Олон улсын туршлагаас харвал Нийгмийн даатгалын сан нь гурван тулгууртай байдаг. Тодруулбал, эрүүл мэнд, боловсрол болон бусад халамж, үйлчилгээний зардалд зориулж иргэдийн орлогоос шимтгэл татан төвлөрүүлдэг бол үлдсэн нь тэтгэврийн хуримтлал юм байна. Ажил эрхэлж буй хүмүүс өөрийн тэтгэвэрт зориулан албан журмынхаас гадна төр хяналт тавин, баталгаа гаргах 1-2 санд мөнгө хадгалуулж болно. Ийм хадгаламжийн хөрөнгийг улсаас нь удирдан, өгөөж тооцож, иргэддээ нээлттэй мэдээлж явсаар олон жилийн дараа үлэмж их хэмжээний мөнгө хуримтлагддаг аж. Гэтэл манай улс Нийгмийн даатгалын сангийн тогтолцоогоо шинэчлэх талаар ярьсан ч хийсэн ажил үгүй. УИХ-аас 2020 онд томилогдсон ажлын хэсгийнхэн тэтгэврийн шинэчлэл хийхийн тулд эхлээд эрх зүйн орчныг сайжруулах талаар зарим судалгаа хийсэн гэснээс өөр мэдээлэл алга. Мөн Хувийн тэтгэврийн сан байгуулах талаар хэлэлцэхийг УИХ-аар дэмжсэн ч нийгмийн даатгалын багц хуультай хамтад нь хэлэлцэнэ хэмээсээр өдий хүрчээ. Ийнхүү Тэтгэвэр болон Нийгмийн даатгалын сангийн эргэн тойронд эрх зүйн шинэчлэл харагдахгүй, тэтгэврийн реформ хийхгүй удаж буйн уршгийн талаар эдийн засагч, шинжээч Г.Ганзориг “Тэтгэврийн реформ хийх зөв үеийг хүлээвэл улс орон улам их хохирно. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам одоо байгаа санд дааж давшгүй их алдагдал бий болно. Шийдвэр гаргах түвшнийхэн судалгаа, тооцоо, суурь нөхцөл гэж ярьсаар цаг их алдаж байна. Хувийн хөрөнгө оруулалтын сан бий болгосон, тэтгэврийн даатгалын тогтолцоо нь “эрүүл”, иргэддээ өгөөжтэй олон улс бий. Тэдний туршлагаас шууд нэвтрүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Тухайлбал, ХБНГУ-д хөрөнгө оруулалтын сан нь одоогоос 300 гаруй жилийн өмнө бий болсон байдаг. Ийм санд тулгуурлан тэтгэврийн сангаа удирдан, хуримтлал үүсгэдэг гэсэн үг. Сангуудын үйл ажиллагаанд улсаас, хөрөнгө оруулагчдаас, мөн хөндлөнгийн, олон улсын нэр хүнд бүхий байгууллага хяналт тавин ажилладаг. Одоо яаравчлан хувийн тэтгэврийн сан бий болгох, иргэд орлогоо хуримтлуулах боломж бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн онцоллоо