Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 1855 иргэн “Ковид-19”-өөр өвчилсөн нь батлагджээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо 663-аар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн коронавирусийн нийт шинжилгээнд эзлэх эерэг тохиолдлын хувь 8.3 болж, 2.4-өөр нэмэгдсэн гэнэ. “Ковид-19”-ийн омикрон хэлбэрийн дэд хувилбар BQ.1.2, BF.7 манай улсад бүртгэгдсэн, мөн иргэд халдвар хамгааллын дэглэмээ сулруулсан зэрэг нь үүнд нөлөөлсөн гэж холбогдох албаныхан тайлбарлав. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хийсэн судалгаагаар сүүлийн долоо хоногт “Ковид-19”-өөр өвчилсөн иргэдийн 67 хувь нь ажлын байр, үлдсэн нь гэр бүлийн хүрээллээс халдвар авсан нь тогтоогджээ. Тиймээс иргэд олон нийтийн газарт, ялангуяа ажлын байрандаа амны хаалт зүүхийг тус төвийнхөн зөвлөлөө. Коронавирусээс гадна томуу, томуу төст өвчний тохиолдол улсын хэмжээнд өндөр байна. Тухайлбал, өдгөө Говь-Алтай, Дархан-Уулаас бусад аймагт томуу, томуу төст өвчин анхаарал хандуулахуйц хэмжээнд хүрчээ. Тэр дундаа нийслэл болон 11 аймагт өвчлөл нэлээд өндөр байгаа аж. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзулын мэдээлснээр манайд томуугийн В хэв шинжийн вирус тархаад буй гэнэ. Түүнчлэн уг хэв шинжийн викториа хэмээх хувилбар манайд анх удаа бүртгэгдсэн бөгөөд цаашид өргөн хүрээнд тархах магадлал өндөр гэдгийг анхаарууллаа.
Бэлтгэсэн М.Оч