Хятадын “Huawei”, ZTE зэрэг томоохон таван компанийн үйлдвэрлэсэн, харилцаа холбооны шинэ тоног төхөөрөмжийг АНУ-д худалдаалахыг хориглолоо. Тус улсын эрх баригчид ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа үндэсний аюулгүй байдалтай холбон тайлбарлажээ. Ухаалаг гар утас үйлдвэрлэдгээрээ алдартай дээрх хоёр компаниас гадна ажиглалт, хяналтын систем, радио холбооны төхөөрөмжийн “Hikvision”, “Dahua”, “Hytera” компанийн бүтээгдэхүүн АНУ-ын Харилцаа холбооны комиссын хоригт орсон байна. “Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах нь бидний хамгийн чухал үүрэг. Сэжиг бүхий тоног төхөөрөмжийг нутаг дэвсгэртээ ашиглуулахгүй байх талаар бүх арга хэмжээг авч байна. Америкийн иргэдийг аюулаас хамгаалах, үүний тулд шинэ дүрэм, журам гаргах нь манай үйл ажиллагааны чухал хэсэг юм” гэж тус комиссын дарга Жессика Розенворсель хэлжээ. Гэсэн ч хориг арга хэмжээний жагсаалтад орсон компаниуд АНУ-ын эрх баригчдаас зөвшөөрөл авсан бүтээгдэхүүнээ одоогоор тус улсад үргэлжлүүлэн борлуулах боломжтой. Харин худалдаанд гаргах шинэ бүтээгдэхүүнийг зөвшөөрөхгүй аж. Үүний сацуу Хятадын тоног төхөөрөмжүүдийг худалдахаар өмнө нь олгосон зөвшөөрлөө цуцалж болзошгүйг АНУ-ын Харилцаа холбооны комисс тэмдэглэсэн байна.
“Hikvision” компанийн зүгээс бүтээгдэхүүн нь АНУ-д аюул учруулахгүй хэмээн мэдэгджээ. Мөн “Huawei” болон бусад компани Хятадын Засгийн газарт хэрэглэгчдийнхээ мэдээллийг дамжуулдаггүй болохоо мэдэгдсэн байна. Ташрамд дурдахад, АНУ-ын засаг захиргаа Барак Обамаг Ерөнхийлөгч байх жилүүдээс Хятадын харилцаа холбооны компаниудын эрхийг хязгаарлаж эхэлсэн. Түүний дараагийн Төрийн тэргүүн Дональд Трамп эдгээр арга хэмжээг бэхжүүлж, Жозеф Байден энэ бодлогыг үргэлжлүүлж буй.