ЦДБЭЧ-ын найрал дууны албаны дарга, ерөнхий хормейстер, дэд хурандаа А.Ариунзаяа “Найрал дууны үдэш” тоглолт зохион байгуулахаар зэхэж байгаа аж. Байгуулагдсан цагаасаа найрал дуугаар үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж ирсэн гэхэд болохоор тус хамт олон энэ удаа онцлог, содон номерууд бэлтгэж байна. Тухайлбал, дуучид олноор хоолой салган дуулах үед ятгачин, Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ ятга тоглох нь. Мөн “жааз” Н.Наранбаатарыг найрал дуучидтайгаа хамт дуулуулах гэнэ. Ятгатай, жааз дуучинтай хамтарсан ийм тохиолдол тус найрлын түүхэнд байгаагүй юм.