Мал, аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийн хувьд малчид 1.1 сая тн өвс хадлан бэлтгэсэн нь нийт бэлтгэвэл зохих өвсний 94.0 хувийг бэлтгэсэн байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээллээ.
Гол эрсдэл нь энэ жил улсын хэмжээнд нийт 71.2 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоолол гарсан нь өвөл, хаврын бэлчээрийн даац нийт малын 40.0 хувьд л хүрэлцээтэй байгаа аж. Өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа учраас махны экспортыг нэмэгдүүлж малчид, ААН, байгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга нар энэ үеэр хэлж байлаа. Энэ асуудалд салбарын яамнаас онцгойлон анхаарч, үхрийн махнаас бусад экспортод гаргаж буй махны квотыг цуцалж махны экспортыг бүх талаар дэмжин ажиллаж байгааг хэллээ. УИХ, Засгийн газрын гишүүн, УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнгээс харахад Ховд аймаг “Маш их”, Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан аймгууд “Их”, Архангай, Говь-Алтай, Увс аймгууд “Дунд” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Үнэлгээгээр эрсдэлтэй дүгнэгдсэн, өвөлжилт хүндрэх нь нэгэнт тодорхой болсон зарим аймгуудаас судалгаа авч үзэхэд энэ оны арваннэгдүгээр сард Засаг даргын нөөц хөрөнгийн үлдэгдэлгүй болсон байна. Энэ нь аймаг орон нутагт эрсдэлд суурилсан гамшгаас хамгаалах, менежмент муу байгааг илтгэн харуулж байна” хэмээгээд хурлын төгсгөлд 21 аймгийн удирдлага болон Эрүүл мэнд, Эрчим хүч, ХХААХҮ-ийн сайдад дараах үүрэг чиглэл өглөө.
Малчид, мал бүхий айл өрхүүд өвөлжөөндөө буусан, малын шилжилт хөдөлгөөн бүрэн зогссон 2023 оны 1-3 дугаар сард малын гоц халдварт өвчний тандалт, эмнэлзүйн үзлэг хийх ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газраас хэрэгжүүлэх тул орон нутгийн түвшинд бэлтгэл ажлыг хангах, ажиллах хүний нөөц, санхүүжилтийг шийдвэрлэхийг үүрэг болголоо.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан