Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж буй. Энэхүү төслийн үр дүнд МУИС, ШУТИС-ийн судалгааны чадамжийг нэмэгдүүлж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нийт 20 багийн 232 багш, судлаачид Японы 77 их сургууль, хүрээлэнгийн 322 судлаачидтай хамтран судалгаа, шинжилгээ хийсэн. Хамтарсан багуудын судалгааны ажлын үр дүнд олон улсын сэтгүүлд 335 өгүүлэл, дотоодын сэтгүүлд 267 өгүүлэл хэвлүүлж, 37 бүтээлийг оюуны өмчөөр бүртгүүлж, гарааны гурван компани байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 253 багш, судлаачид Япон улсын их сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудад судалгаа, туршилт хийх, арга зүй, туршлага судлахаар ажилласан. Мөн тус улсын 224 эрдэмтэн, профессор манай улсад ирж, оюутан, сурагч, багш нарт судалгааны арга зүй, туршлагаасаа хуваалцсан юм.
Төслийн үр дүнг бататгах, хамтарсан судалгааны багуудын судалгааны ажлыг Япон улсад таниулах, сайжруулахаар “Хамтарсан судалгаа-бизнес түншлэл” уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар хамтарсан судалгааг зөвхөн их сургуулиудын хооронд бус Япон-Монголын бизнесийн байгууллага, компани, хувь хүмүүсийн хоорондох хамтын ажиллагааг эхлүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлж инноваци, бүтээгдэхүүн бий болгох, гарааны компани байгуулах, хөрөнгө оруулалт татах асуудлаар хэлэлцүүллээ.