Аялал жуулчлалын салбарынхан өнгөрсөн баасан гарагт нийслэл болон орон нутагт хоёр томоохон арга хэмжээнд оролцлоо. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл хамтран энэ өдөр Улаанбаатар хотод “Өвлийн аялал жуулчлал-асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулсан бол Хэнтийд “Зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөн” боллоо. Утаагүй үйлдвэрлэлийн салбарыг улирлын хамааралгүй, тогтвортой үйл ажиллагаатай болгох асуудал хөндсөн хэлэлцүүлэгт “Хүннү эйр”, “Жуулчин”, “Тану тур”, “Wonder Mongolia” зэрэг 20 орчим компанийн төлөөлөл оролцов. Салбарын мэргэжилтнүүд өвлийн улиралд зохион байгуулдаг арга хэмжээнүүдийн мэдээлэл, цаг хугацааг эрт тодорхой болгох, аялагчдын онцлог, хүсэл сонирхолд нийцсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн нислэгийн чиглэл, давтамжийг нэмэх, жуулчны бааз, амралтын газруудыг өвлийн улиралд ажиллах нөхцөлөөр хангах зэрэгт нэн түрүүнд анхаарах шаардлагатайг дурдлаа. Агаарын бохирдол, халтиргаа гулгаа, түгжрэл, үйлчилгээний байгууллагын цагийн хуваарь зэрэг нь хотын өвлийн аялал жуулчлалын хөгжлийг хойш чангаах шалтгаан болж байгааг мөн онцлов. Хэнтий аймагт болсон зөвлөгөөнд Ерөнхий сайд, БОАЖ-ын дэд сайд, Сүхбаатар, Дорнод аймгийн удирдлага, тур операторуудын төлөөлөл оролцож, хил орчмын, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон юм. Ерөнхий сайд энэ үеэр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд аялал жуулчлалд гойд анхаарч эхэлснийг тодотгоод “Салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч байна. УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй аялал жуулчлалын хуулийн төсөлд орон нутгийн оролцоог тодорхой болгох, цахим виз нэвтрүүлэх, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, нэгдсэн стандарт тогтоох, бүс нутгийн онцлогт тулгуурласан бүтээгдэхүүн бий болгох, хил орчмын аялал жуулчлалыг тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэх, жуулчдын худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцаан олгох, аялал жуулчлалын сан байгуулах зэрэг асуудлыг тусгасан. “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Бичигт, Хавирга, Ульхан боомтын дэд бүтцийг сайжруулснаар зүүн гурван аймагт аялал жуулчлал хөгжих нөхцөл бүрдэнэ” гэв.