-Та хаана төрсөн бэ?
-Би Сан Диего хотод төрсөн. Миний аав Тэнгисийн флотод алба хааж байхдаа тэнд томилогдож очоод ээжтэй минь танилцсан. Сан Диего хот Улаанбаатараас хэд хэдэн зүйлээр ялгаатай, ялангуяа цаг агаар нь. Гэхдээ хүмүүс нь олон талаараа адилхан юм. Сан Диего хотынхон ерөнхийдөө монголчууд шиг найрсаг, тайван амгалан бөгөөд байгальтай ойр байх их дуртай болохоор хүн бүр л гарчихсан, ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийж байдаг. Түүнээс гадна Сан Диего болон Улаанбаатар хотын хүн амын тоо нь ойролцоо.
-Эцэг, эхээ танилцуулна уу?
-Дээр хэлсэнчлэн, аав минь АНУ-ын Тэнгисийн флотод алба хааж байсан. Тэрбээр Филиппинд өссөн бөгөөд өмнө нь хэзээ ч очиж үзээгүй АНУ-ыг бишрэн, Тэнгисийн флотод нь алба хаахыг мөрөөддөг байж. Харин ээж минь тэр үед зөвхөн эзэмшсэн мэргэжил болон ганц жижиг чемодантай л АНУ-д очоод байсан жирийн нягтлан бодогч байв. Би үе үе эцэг, эхийнхээ түүхийг бодохоор тэдний шийдэмгий алхам нь олон хүн, АНУ-д суурьшсан монголчуудын хувьд ч итгэл мөрөөдлөө олж авахын тулд үзэж туулж буйтай дил төстэй санагддаг.
-Хүүхэд насаа хэрхэн өнгөрөөсөн бэ?
-Миний хүүхэд нас олон газраар нүүдэллэсэн байдалтай өнгөрсөн. Аав минь цэргийн томилолтоор АНУ-д нэг газраас нөгөө рүү байнга шилжин явдаг байв. Би Сан Диегод төрсөн ч хүүхэд насныхаа нэлээд хугацааг Хавайд өнгөрөөсөн. авайг хоёр дахь гэрээ гэж үздэг. Би нэг эрэгтэй дүүтэй, надаас хоёр насаар дүү. Миний Элчин сайдын тангараг өргөх ёслолд оролцохоор дүү минь Вашингтон хот руу их холоос нисэж очсоныг би мэдээгүй байж билээ. Багадаа бид хоёр байнга л хамт гадаа тоглодог байсан. Бага насны дурсамжаас, Хавай мужийн Уайпаху хот дахь филиппинчүүдийн жижиг хүрээлэл санаанд орж байна. Хоорондоо их ойр байдаг, хөршүүд минь ч намайг өөрийн хүүхэд шигээ үздэг байж билээ. Миний гэр бүл бол өмөг түшиг минь, тэдний хайр халамж, урам зориг, дэмжлэггүйгээр би өдий зэрэгт хүрэхгүй байсан байх аа.
-Таны сонсдог хөгжим?
-Би сонгодог хөгжимд дуртай, мөн Элвисийн шүтэн бишрэгч. Дуурь үзэх, ялангуяа Моцарт, Вагнер, Вердигийн бүтээлүүдийг сонсох их дуртай. Монголд ирээд хамгийн түрүүнд үзсэн урлагийн тоглолт минь Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглосон “Тоска” дуурь байлаа. “Ромео, Жульетта”-тай хэд хэдэн сэдвээр холбогддог “Тристан, Изольда хоёр” бол миний хамгийн дуртай дуурь.
-Өнөөг хүртэл танилцсан монгол хүмүүсийн талаарюу хэлэх сэн бол?
-Монголчуудын нөхөрсөг, хүлээцтэй, бас нээлттэй зан чанар нь хүндлэл бишрэл төрүүлж байна. Намайг үнэхээр уриалгахан хүлээж авч байгаа монголчуудад баярласнаа илэрхийлье.
-Дипломатч байна гэдэг таны хувьд ямарутга учиртай вэ?
-Миний бодлоор дипломатч гэдэг улс орноо гадаадад төлөөлж, нийтлэг байр суурь, харилцан ойлголцолд хүрэх арга замыг хайж олж чаддаг хүнийг хэлнэ. Амжилттай дипломатчид бусад улс орноос, тэдний нийгэм, соёлоос нь суралцах чадавхтай байх болов уу.
-Монгол Улсад АНУ-ын Элчин сайдаар ажиллах хугацаандаа нэн тэргүүнд тавих гурван зорилт тань юу вэ?
-АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувиар миний тэргүүлэх зорилтууд бол иргэд хоорондын, ардчиллын, мөн эдийн засгийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх явдал. Монголын ардчиллыг бат бэх, эдийн засгийг хөрвөх чадвартай байлгахын төлөө миний бие болон манай хамт олон та бүхэнтэй хамтран ажиллах болно. Өнгөрсөн хэдэн арван жилийн турш Монгол Улс хүний эрх, хуулийн засаглалд тууштай байж, бат бэх, амьд эрчимлэг иргэний нийгэм, чөлөөт хэвлэлийг бойжуулахад туйлбартай түнш байсаар ирсэн. Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа болон хүмүүнлэгийн тусламж, гамшиг, ослын хариу арга хэмжээнд дэлхий даяар үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг үргэлжлүүлэн, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэж итгэж байна. Манай хоёр улс ойр нягт, өнө удаан жилийн харилцаатай. Энэ бол эрх чөлөө, хөгжил цэцэглэлт, гэрэлт ирээдүйгээ бататгахын төлөө мөр зэрэгцэн зүтгэж буй анд нөхдийн, түншлэлийн харилцаа юм.
-Хэрэв та маргааш өглөө сэрэхдээ ямар нэгэн зүйлийг хийж чаддаг болчихвол тэрнь юу байгаасай гэж хүсэж байна вэ?
-Монголоор ярьдаг болохыг хүсэх байсан.
-Өнөөг хүртэл таны амьдралд тохиосон хамгийн том зүйл юу вэ?
-АНУ-ыг төлөөлөн ажиллах Элчин сайд болсон явдлыг би нэрлэнэ.
-Монголоос буцахад тань монголчууд таныг юугаартань дурсаасай гэж хүсэж байна вэ?
-Намайг гэлтгүй, ер нь америкчуудыг сайн хүмүүс, жинхэнэ анд нөхөр, хамтрагч байж чаддаг гэсэн бодол монголчуудад үлдээсэй гэж хүсэж байна.