-АН-ыг үүсгэн байгуулагчид саяхан уулзсан байна лээ. Та бүхэн юу ярив?
-1990 онд Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшлийн нам, Монголын социал демократ намыг үүсгэн байгуулалцсан болон анхны даргаар нь ажиллаж байсан хүмүүс уулзсан юм. Мэдээж бид бүгд АН-ын өнөөгийн байдалд санаа зовж байгаа. Тиймээс ч намаа хэрхэн нэгтгэх, үйл ажиллагааг нь яаж идэвхжүүлэх, хуучин шиг нь хүчтэй сөрөг хүчин байлгахын тулд юу хийх вэ гэж ярилцлаа. АН-д үүсээд буй асуудал нь бидний хэдэн нөхөд, жирийн гишүүдийнх биш болчихож. Улс төр сонирхдог хэн бүхэн АН яах бол гэж санаа тавьж, асууж, сураглаж байна.
-Танай намд яг юу болоод байгаа юм бэ. Асуудал нь хаана байна гэж та харж байна вэ?
-Би нэг л зүйлд эмзэглэж байна. Сүүлийн 30 гаруй жилд АН, МАН-ын аль аль нь эрх барьсан. Ингэхдээ нэг нам нь нөгөөгийнхөө дотоод хэрэгт ер оролцдоггүй байсан юм. Эрх барьж буй нь дэвшүүлсэн бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх вэ гэж зүтгэж, сөрөг хүчин нь олонхоо шүүмжилж, болохгүйг нь хэлээд явдаг байлаа. Гэтэл сүүлийн хоёр, гурван жилд нэг нам нь нөгөөгийнхөө дотоод хэрэгт оролцдог болов. Энэ бол Монголын улс төрд учирч байгаа хамгийн том гай, буруу жишиг. Ардын намынхан эрх барьж буйгаараа далимдуулан төрийн зарим байгууллагыг АН-ын дотоод хэрэгт татан оруулж, хутгалдах нь байж болшгүй зүйл гэдгийг дахин хэлье. Ийм зүйл өмнө нь огт байгаагүй юм шүү. Үүнээс хэн ч хожихгүй, Монголын ард түмэн, бид бүгдээрээ хохирно. Хар л даа, одоогийн засаг төрд хараа, хяналт гэж байна уу. Одоогийн Засгийн газрыг арван удаа огцруулсан ч багадахаар зүйл хийж байна шүү дээ. Тэр талаар нь хэн, юу ярьж байгаа юм бэ.
Үүсээд буй асуудалтай холбоотойгоор Дээд шүүх АН-ын талаар зургаан удаа шийдвэр гаргасан юм байна. Хамгийн сүүлийнхийг нь өнгөрсөн есдүгээр сарын 27-нд гаргалаа. Үүгээр АН-ыг төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй, дарга нь С.Эрдэнэ ч биш, Х.Баттулга буюу тэдний талаас хүсэлт гаргасан Ө.Шижир нь ч биш гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, АН-д албан ёсны дарга алга гэдгийг Дээд шүүх хэлж байна. Хоёрдугаарт, өнгөрсөн хавар буюу энэ оны гурав, дөрөвдүгээр сард болсон хуралдаанаараа Дээд шүүх АН-ын дүрмийг хүлээн зөвшөөрч, бүртгэсэн. АН-д үйлчилж байгаа нэг л дүрэм бий нь энэ. Тамганы хувьд маргаад байхаа бараг больчихлоо.
АН-ЫНХАН АЛДАЖ, ӨГӨӨШ БОЛСОН НЬ ҮНЭН
-Уучлаарай, хэн нэгэн, аль нэгэн улс төрийн хүчин намын тань дотоод хэрэгт оролцох “овоо”-г нь АН-ынхан өөрсдөө босгоогүй гэж үү?
-Тантай нэг талаар санал нийлж байна. Нөгөө талаар санал нийлэхгүй. АН-ынхан алдаж, өгөөш болсон нь үнэн. УИХ-ын 2020 оны сонгуулиар ялагдчихаад АН-ын дарга С.Эрдэнэ намын тамгыг дэд дарга Ц.Туваанд өгөөд явсан. Уг нь АН-ын дүрэм ёсоор Ц.Туваан ч ажлаа өгөх л байсан юм. Намын даргын сонгуулийг дүрмийн дагуу зохион байгуулах нь тамга хүлээн авсан хүний үүрэг байв. Харамсалтай нь, Ц.Туваан энэ үүргээ биелүүлээгүй. АН-ын дарга шиг аашилж, их хурал хийн, намын дүрмийг өөрчлөөд эхэлсэн шүү дээ. Үүнд нь тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга хутгалдсан. Энэ нь бидний алдаа, бусдын хувьд өгөөш болсон. Эндээс л хамаг асуудал эхэлсэн юм. Тухайн үед намын даргаа дүрмийн дагуу сонгочихсон бол өнөөдрийн зөрчил үүсэхгүй байсан.
-Тэгвэл одоо яах ёстой юм бэ?
-Хамгийн гол нь хоёр талаасаа ойлголцоод, намын даргаа сонгох журмаа АН-ын дүрмийн дагуу батлах ёстой. Өөрөөр хэлбэл, АН-ыг даргатай болгох нь хамгийн чухал. Үүний дараа л зөрчил арилна. Ер нь АН хагарч, бутарсан зүйл байхгүй. Ний нуугүй хэлэхэд, дээгүүрээ л асуудалтай, зөрчилдөөд байгаа юм. АН өдгөө найман аймаг, нэг дүүрэг, 170 орчим сумд эрх барьж, орон нутгаа удирдаж байна. Аймгуудын намын хороод бүгд нэг цул байгаа. Харин нийслэлийн Сүхбаатараас бусад найман дүүрэгт хоёр, хоёр даргатай болчихсон юм билээ. Болж өгвөл энэ ондоо багтаад даргаа сонгох хэрэгтэй. Үүний тулд залуучууд нь ойлголцох ёстой. Залуучууддаа ихээхэн найдлага тавьж байгаа. Хоёр тал тус тусдаа Үндэсний бодлогын хороотой болчихож. Тиймээс хамтарсан хурлаа дүрмийн дагуу хэрхэн хийх вэ гэх мэтээр маргаантай зүйл нэлээд бий. Гэсэн хэдий ч хоёр тал ойлголцоод, дүрмийн дагуу намын даргаа сонгох боломж байгаа.
-Өнөөдрийг хүртэл ойлголцож чадахгүй байгаад л хамаг учир бий. Хоёр талыг ойртуулахад та, АН-ыг үүсгэн байгуулагчид ямар үүрэгтэй оролцох ёстой гэж. Та бүхэн ямар нэгэн тодорхой төлөвлөгөө, гарц, шийдэлд хүрэв үү. Магадгүй зуучлагч, холбогч болох юм уу?
-Үгүй, үгүй. Бид мундагдаж, даргалаад, “тэг, ингэ” гэж заах зорилго байхгүй. Ямартай ч тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлье, залуучууддаа ойлгуулж, ярилцъя гэсэн юм. 30 орчим жил улс төрд хутгалдсан хүмүүст хэлж, ярих зүйл байлгүй яах вэ. Бидний үгийг сонсдог хүмүүс бас байдаг юм шүү дээ.
-Та бүхэн С.Эрдэнэ, эсвэл Х.Баттулгатай уулзсануу?
-Хэн, хэнтэй нь уулзаагүй. Залуучуудын төлөөлөлтэй уулзаж, санаа оноогоо хэлсэн төдий уулзалт болсон.
-АН-ын залуучууд нь С.Баярцогтыг дарга болгох гэж байгаа хэмээн ярьж буй. Та бүхний уулзалтад ч тэрбээр оролцсон шүүдээ.
-Хэн нэгэн, хэсэг, бүлэг хүн цуглаад нэгнийгээ дарга болгох гээд “Чи дарга бол, тэрийг сонго” гэж бусдаар зөвшөөрүүлэхийг санаархдаг явдал АН-д байдаггүй. “С.Баярцогтыг дарга болгох нь” гэх яриа ялангуяа нийгмийн сүлжээнд өнгөрсөн хавраас л гарсан шүү дээ. Сүүлийн үед өөрөө ч хэд хэдэн удаа мэдэгдэл хийчихлээ. С.Баярцогтын хувьд нэг нэр дэвшигч мөн үү гэвэл мөн. Хүчтэй ч өрсөлдөгч байж мэднэ. Эцсийн шийдвэрийг АН-ын эрх бүхий байгууллага болох Үндэсний бодлогын хороо, их хурлаас л гаргана шүү дээ.
БҮХЭЛДЭЭ ТӨРД БАЙГАА ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ ЯАЖ ЧӨЛӨӨЛӨХ ЮМ БЭ
-Та эрчим хүчний инженерээр суралцан, төгссөн цагаасаа энэ салбарт ажиллаж байна. Тантай уулзсаных, эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал болох үнэ чөлөөлөх талаар ярилцъя.
-Өнөөдрийн нөхцөлд эрчим хүний үнийг чөлөөлөх тухай ойлголт нь сонин болчихоод байгаа юм. Учир нь эрчим хүч бол монопол салбар. Дулааны цахилгаан станцууд, дамжуулах сүлжээ нь бүхэлдээ, түгээх сүлжээний бараг 90 гаруй хувь нь төрийн өмчийнх. Үндсэндээ төрийн өмчид бүхэлдээ байгаа салбарын үнийг яаж чөлөөлөх гээд байгаа юм бэ. Өрсөлдөөнт, зах зээлийн зарчмаар ажиллаж байгаа нөхцөлд л үнийг чөлөөлнө биз дээ. Тиймээс энэ нь туйлын зовлонтой.
Харин эрчим хүч үйлдвэрлэхэд гардаг зардлыг цахилгаан, дулааны борлуулалтаараа нөхөөд, тоног төхөөрөмжөө шинэчлэн, засварлах хөрөнгөө гаргаж чадаж байна уу гэдэг нь өөр хэрэг. 2005-2010 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийг удирдаж, нийслэлийн цахилгаан хангамжийг хариуцаж байхдаа ч эрчим хүчний үнийг бодитой тогтооё гэж ярьж байсан. Ингээд нэг тогтоочихвол жил бүр индексжүүлээд явах боломжтой гэж хэлдэг байсан юм. Энэ ажлыг хийж чадалгүй 10 гаруй жил өнгөрчихлөө. Хэрэв хийчихсэн бол эрчим хүчний салбар тогтвортой хөгжөөд явах боломж байсан.
-Одоо тэгвэл яах ёстой юм бол?
-Энэ салбарт бодлогын буюу эрс шинэчлэл хийх шаардлага бий юү гэвэл бий. Монопол салбарын зардлыг тогтооход маш хэцүү. Төрийн зардал байнга өндөр гардаг. Тиймээс зарим хэсгийг нь хувьчлах ёстой. Хувийн салба рынхан хэзээ ч төр шиг зардлаа өндөр байлгаж, цамаан загнахгүй. Түгээх сүлжээ нь хангах болон түгээх хэсгээс бүрддэг. Хамгийн түрүүнд хангах хэсэг буюу борлуулалт хариуцдаг, айл өрхөөс төлбөрөө авдаг хэсгийг хувьчлах ёстой. Өөрөөр хэлбэл, дүүрэг бүрт байгаа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг хувьчлах хэрэгтэй. Ингэвэл алдагдлыг маш их хэмжээгээр бууруулна. Эрчим хүчний хулгай байж л байгаа шүү дээ. Одоо бараг 17 хувийн алдагдалтай байгаа юм билээ. 2005-2010 оны үед хийсэн тооцоогоор эрчим хүчний алдагдлыг нэг хувиар бууруулахад 500 орчим сая төгрөгийн эх үүсвэрийг борлуулалтаас олох боломжтой байсан. Энэ дүн одоо бүр өссөн биз. Дараа нь хангах хэсгийг хувьчилбал эрчим хүчний салбарын “нуруу”-наас ихээхэн ачаа хөнгөлж, зүгээр л алдаж байгаа боломжоо барьж авах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, үнийг нэмэлгүйгээр хэдэн тэрбумаар нь олох боломж бий. Ердөө л зохион байгуулалтын ажил гэх үү дээ. Энэ талаар би их ч ярьсан даа. Даанч хэрэгжүүлээгүй. Ер нь өөр ямар ч шийдэл ололгүй өнөөдрийг хүргэлээ.
Ингээд олон жил явчихаар асуудлууд нь овоороод, бүр бугшчихаж. Эрчим хүчний салбар санхүү, техникийн хувьд муудаж, хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг даахааргүй болчихоод байна. Тиймээс хувьчлал, дотоод зохион байгуулалтаа өөрчлөх, шинэ эх үүсвэр барих гээд бүх ажлаа зэрэг хийх ёстой. Мэдээж ард түмэнд эмзэг тусна. Тэгэхээс ч аргагүй. Энэ ажлыг хийхээс аргагүй, ачааг нь бүгдээрээ үүрэхээс өөр гарц байхгүй. Эс бөгөөс хойч үедээ зовлонгоо нааж, лаа барихаас өөр сонголт үлдээхгүй.
ИТХ-ЫН 45 ТӨЛӨӨЛӨГЧ БАТАЛДАГ ТӨСВИЙГ НЭГ САЙД ХУВААРИЛАХ НЬ
-Эцэст нь нийслэлд тулгамдаж буй асуудлуудын талаар байрсуурийг тань сонсъё. 2012-2016 онд нийслэлийн ИТХ-ыг удирдаж байсан хүний хувьд юу хэлэх вэ?
-Э.Бат-Үүл маань нийслэлийн Засаг дарга байлаа. Бидний хийж, хэрэгжүүлсэн ажлыг нийслэлийнхэн мартаагүй байх. Өөрийгөө магтаж байгаа юм биш, бидний үед Улаанбаатар гэрэл гэгээтэй байсан юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт, “Гудамж” төсөл, автомашины дугаарын хязгаарлалт, замын сүлжээний өргөтгөл, хот тохижилт, нийтийн тээвэр гээд олон ажлыг бид зэрэг эхлүүлсэн, хэрэгжүүлсэн. Бүх ажлаа хамтад нь, цогц байдлаар хийж байлаа. Жижиг гэлтгүй дурдахад, “school police”, “оюутан цагдаа” гээд олон хэрэгтэй санаачилгыг бидний үед эхлүүлж, өнөөдөр үр дүнгээ өгч байна. Ядаж л гудамж, талбай маань цэвэрхэн байсан шүү дээ. Тэр үед нийтийн тээвэр кондуктортой байсныг зарим нь мартсан байх. Иргэд маань хэдийн дасчихаж, сурчихаж. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоож, түгжрэл нь тартагтаа туллаа. Сүүлийн 30 гаруй жилд АН анх удаа эрх барьж, дөрвөн жил ажиллахдаа энэ бүхнийг хийсэн. Бидэнд юу хийх вэ гэсэн төлөвлөгөө байсан юм.
Хоёрдугаарт, Э.Бат-Үүлийн баг хүчтэй, чадварлаг байлаа. Тэднийг бодлогоор хангаж, ажиллах эрх зүйн үндсийг нь бий болгож, хийх ажлыг нь төлөвлөн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, хариуцлага тооцдог ИТХ нь илүү хүчтэй байсан байж таарна. Төлөөлөгчдөө бүгд чадварлаг байсан гэж нам харгалзахгүй хэлнэ. УИХ-ын хуралдаанаас илүү нийслэлийн ИТХ-аар ямар асуудал хэлэлцэх нь вэ гэж харж, сонирхдог байсан юм шүү. Харин одоо яаж хуралдаад, ямар шийдвэр гаргаад байгаа нь ил тод биш болсон. Үнэндээ нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах сайд томилсны учрыг ч ойлгохгүй байгаа. Сая ирэх оны улсын төсвийг баталлаа. Ингэхдээ нийслэлийн хөрөнгө оруулалтын төсвийг бүгдийг нь улсынхад хамаатуулаад, Засаг дарга Д.Сумъяабазарт юу ч үлдээсэнгүй. Д.Сумъяабазарт байсан эрхийг нь аваад Ж.Сүхбаатарт өгчихлөө. Нийслэл Улаанбаатар хотын санхүүгийн эрх чөлөөг боомилж байгаа хэрэг биш гэж үү. Одоо нийслэлийн ИТХ ямар төсөв батлах юм бэ. Урсгал зардлаа л төсөвлөж, батлах юм уу. Нийслэлд цэцэрлэг, сургууль барих ямар ч эх үүсвэр үлдээсэнгүй. ИТХ-ын 45 төлөөлөгч хэлэлцэн баталдаг байсан төсвийг нэг сайд хуваарилах нь.