Э.ДОЛГИОН Эдийн засагч, аюулгүй байдал судлаач
СУУРЬ НӨХЦӨЛ
Дэлхийн хагас дамжуулагчийн салбарт АНУ-ыг монопол гэж үзэж болно. Гэхдээ сүүлийн жилүүдэд байдал хурдацтай өөрчлөгдөж байна. 2008 онд Хятад улс инновацын салбарын хөгжүүлэлтийн судалгаандаа Америкийн зарцуулж байсан зардлын гурваны нэгийг, Европын орнуудын хөрөнгө оруулалтын талыг л зарцуулж байв. Ердөө тавхан жилийн дотор Хятадын инновацын хөрөнгө оруулалт Европыг гүйцэж түрүүллээ. Саяхан буюу 2020 оны байдлаар Хятадын инновацдаа зарцуулж буй хөрөнгө оруулалт Америкийнхтай бараг дүйцэх хэмжээнд буюу 85 хувьд хүрчээ.
Түүгээр ч барахгүй 2015 оноос хойш шинээр бүртгүүлж буй патентын тоогоор АНУ-ын урд гарсан байдаг. Өнгөрсөн онд судлаачидтай хийсэн уулзалтынхаа үеэр Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин “Технологийн инновац бол дараагийн үеүдийг тодорхойлох олон улсын стратегийн өрсөлдөөний ширүүн талбар болоод байна” гэсэн нь олон зүйлийг тодорхойлох мэт.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийн салбарт Хятадын тал онцгой ахиц гаргасан. Үүнийг сөрөөд, технологийн давуу байдлаа цаашид хадгалах зорилтоо Америкийн тал ч ажил хэрэг болгож эхлэв. 2022 оны наймдугаар сард Конгресс Чип болон Шинжлэх ухааны хууль баталж, таван жилийн хугацаанд 52 тэрбум ам.долларыг хагас дамжуулагчийн салбарын шинжилгээ судалгаанд зарцуулахаар болов. Стратегийн өрсөлдөөн ширүүсэж буйн бас нэг баталгаа нь дэлхий нийт анх удаа ДНБ-ий 2.5 хувь буюу 2.1 их наяд ам.долларыг улс орнууд инновацад зарцуулж эхэлснээсхарж болно. Энэхүү хөрөнгө оруулалтын стратегийн гол цөм нь бидний сонсож заншсан микропроцессор буюу хагас дамжуулагчтай холбоотой хөрөнгө оруулалт байж иржээ.
Үүнээс үндэслээд ер нь хагас дамжуулагч гэж яг юу юм бэ, юуны учир дэлхийн улс төр, эдийн засаг, цаашлаад геополитикт нөлөөлөхүйц салбар болов, яагаад тэгтлээ чухалд тооцогдож буй талаар эргэцүүлэх нь зүйтэй. Хагас дамжуулагчийн салбар гэдэг бол товчхондоо орчин үеийн эдийн засгийн гол тулгуур. Иймучраас стратегийн өрсөлдөөний гол түлхүүр болсон. Өдөр тутмын и-мэйл, энгийн мессежээс эхлээд гар утас, залууртай пуужин хүртэл энэ технологид суурилдаг. Олон арван жилийн туршид нэг их анхаарал татахгүй явж ирсэн ч стратегийн өрсөлдөөн ширүүсэх тусам энэ салбарын ач холбогдол өндөр болж ирэв.
ҮНДСЭН ОЙЛГОЛТ
Түүх сөхвөл, 1947 онд АНУ-ын Бэллийн лабораторийн хэсэг эрдэмтэн хагас дамжуулагчийн эхлэл болох нээлт хийсэн нь орчин цагийн электроникийн хөгжлийн үндэс болсон гэдэг. Хэдхэн арван жилийн дотор судлаачид энэхүү нээлтэд суурилсан микросхем буюу чип хийж эхэлжээ. Товчхондоо болхэдий бага орон зайд багтаан бичил схемийг цахиурын ялтас дээр хэвлэнэ, төдийчинээ хүчин чадал сайтайд тооцогдох аж. Орчин цагийн технологийн хөгжлийг тодорхойлж буй Цахиурын хөндий гэдэг нэршил ч тухайн компаниуд голчлон төвлөрч байсан АНУ-ын Калифорни мужаас эхтэй гэдэг. Өнөөдөр Хятад улс газрын тос импортолж буй зардлаас хол илүүтэйг чип буюу хагас дамжуулагч импортлоход зарцуулж байна гэхээр ач холбогдлыг нь бас тодхон харж болно. Үйлдвэрлэлийн автоматжуулалт, бүтээмж өндөртэй эдийн засаг, хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолол гээд өнөөдөр та, бидний мэддэг болсон хамгийн моодны гэгдэх үгс бүгд хагас дамжуулагчийн салбартай холбоотой. Сонирхолтой нь, Тайванийн арал дээр дэлхийн нийт өндөр хүчин чадал бүхий хагас дамжуулагчийн 90 хувийг үйлдвэрлэж байна.
Хагас дамжуулагчийн салбарт одоогоор АНУ давуу байр суурьтай байна. Энэ зөрүүг Хятадын тал арилгах ёстойг эдийн засгийн нөхцөл, хөгжлийн бодлогууд шаардаж буй. Гэхдээ стратегийн өрсөлдөөн учраас АНУ-ын талаас хагас дамжуулагчийн экспортод тавьсан зарим жин бүхий хязгаарлалт нь хоцрогдлоо арилгахыг зорьж байгаа Хятадын төлөвлөгөөнд саад учруулж эхлэв. Өнгөрөгч аравдугаар сарын эхээр АНУ-ын Худалдааны яамнаас орчин үеийн чип болон санах ой үйлдвэрлэхэд шаардлагатай технологийг Хятадын тал худалдан авахыг хориглосон шинэ журам гаргасан. Хиймэл оюун ухаан хөгжүүлэх болон өндөр чадамжтай компьютерт (супер компьютер гэгддэг) ашиглах чипний экспортыг энэхүү шинэ журам давхар хориглож буй юм.
ЦААШДЫН ӨРНӨЛ
Сүүлийн хэдэн сарын турш ийм төрлийн хориг гарах хүлээлт байсан. Гэхдээ Хятадын Ком мунист намын ХХ их хурлаас хэдхэн хоногийн өмнө албан ёсоор зарласан нь нэг талаас улс төрийн дохио болсон гэж харах үндэстэй . Хагас дамжуулагчийн салбар бол Хятадын удирдагч Си Зиньпиний, технологийн стратегийн гол ач холбогдол бүхий салбар. Түүнээс гадна АНУ-ын Худалдааны яам Хятадын 31 компанийг экспортын эцсийн хэрэглэгчийн зөрчилтэй, эсэх талаар “баталгаа жуулах жагсаалт”- д оруулсан нь анхаарал татаж байна. Дээрх гуч гаруй компанид Хятадын тэргүүлэх чип үйлдвэрлэгч болох “Yangtse memory technologies co.” буюу YTMC хүртэл багтжээ. Гол үр дагавар нь хэрэв тэд хоёр сарын дотор аудитын шалгалтыг давахгүй бол АНУ-ын экспортын хоригт багтаж, томоохон хүндрэл учирна гэсэн үг. Хятадын гол компаниуд экспортын хоригт орсноор чипний үйлдвэрлэл, электроникийн дизайн, автомат жуулалт гээд Хятадын ком паниудын өрсөлдөх чадвар бүхий л салбарт хязгаарлагдмал болж эхлэх юм. Тэрчлэн Америкийн инженер болон боловсон хүчнийг ажиллуулах гарц хаагдах бололтой. “Wall street journal”-ын мэдээлснээр АНУ-ын дөч гаруй иргэн Хятадын компаниудад гүйцэт гэх захирлаас эхлээд дэд ерөнхийлөгч зэрэг маш чухал албан тушаал хашиж байгаа бөгөөд тэдний хувьд цаашид ажиллах боломжгүй болох магадлалтай.
Экспортын хоригийг зарласнаас хойш богино хугацаанд Америкийн зарим компани үйл ажил лагаагаа зогсоох буюу Хятадаас хөрөнгө оруулалтаа татах арга хэмжээ авч эхэлжээ. Геополитикийн таатай бус байдал тэднийг ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүргэж буй бололтой. Сүүлийн жилүүдэд Хятадын компаниуд 14 нанометр болон түүнээс өндөр нягтаршилтай чип үйлдвэрлэхэд дэвшил гаргасан боловч мэ-дээл л үүдийг нягталж харахад өргөн хэм жээ ний үйлдвэрлэлд хараахан нэвтрүүлж амжаагүй аж. Зарим гол судалгаанаас харахад Хятадын талын хагас дамжуулагчийн технологийн гол тоног төхөөрөмж, программ хан гамж нь импортын буюу АНУ-ын технологид суурилжээ. Одоогоор Америкийн тал Хятадын харилцаа холбооны томоохон компани болох “Huawei”-г экспортын хоригт оруулснаар өндөр хүчин чадал бүхий чипний зах зээлээс тусгаарласан. Бусад томоохон компанийг ингэсэн тохиолдолд хиймэл оюун ухаан болон үүлэн технологийн салбарт Хятадын компаниуд өрсөлдөхөд улам л төвөгтэй болно. Тиймээс хагас дамжуулагчийн салбарын цаашдын энэ сорилтыг хэрхэн даван туулах вэ гэдэг нь Хятадын удирдлагын хувьд шийдэх шаардлагатай хамгийн гол асуудал юм. Том зургаар нь харвал АНУ хагас дамжуулагчийн экспортоо чангаруулж буй нь технологийн хөгжлийн давуу талаа хадгалах, өрсөлдөгчийнхөө хурдыг сааруулах стратегийн өрс өлдөөний нэг алхам байх магадлалтай.