УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний туслах Г.Аюулгүй нарыг Хөгжлийн Банкнаас зээл авсантай холбоотойгоор нь шалгаж эхэлсэн. Тодорхой хэлбэл, 2022 оны аравдугаар сарын 10-наас эхлэн 30 хоног цагдан хорьсон. Уг хугацаа өнөөдөр дуусаж байна. Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд цагдан хориог сунгах санал гаргасны дагуу шүүхээс Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт авсан цагдан хорих арга хэмжээг үргэлжлүүлж, дахин 30 хоногоор сунгах шийдвэр гаргажээ.
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өөрийн туслах асан Шинэ намын дэд дарга Г.Аюулгүйгээр дамжуулан Хөгжлийн банкны дамжин зээлдэгч буюу Капитал банкнаас хоёр компаниар дамжуулан 12.6 тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг. Өөрөөр хэлбэл, тэднийг Капитал банкыг дампууруулахад нөлөөлсөн хэмээн үзэж буй гэнэ. Капитал банкны захирал асан А.Ариунболд АТГ-т гомдол гаргаснаар уг хэргийг тус газар шалгаж эхэлсэн аж.