Манай орны нийт нутгийн 60 хувьд зуд болох эрсдэлтэй гэсэн төлөвийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн сарын 25-нд гаргаж байв. Тэгвэл уг үзүүлэлт өдгөө 70 хувьд хүрч ихэсжээ. Өдгөө манай орны нийт нутгийн 30 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод буй аж. Өмнө нь гаргасан төлөвтэй харьцуулахад сүүлийн 10 орчим хоногт цас их орсон Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгийн зарим сумд зудын эрсдэл нэмэгдсэнийг дээрх хүрээлэнгээс мэдээлсэн байна. Баруун болон өмнөд хэсэгт өнгөрсөн зуны турш гандуу, гантай байсан, нийт нутгийн 60 хувьдбэлчээрийн даац хэтэрсэн, ирэх өвөл цаг агаарын байдал хүндрэх төлөвтэй зэрэг нь мөн зудын эрсдэл ихсэхэд нөлөөлжээ. Аймгуудаар ангилан харвал Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангайд зудын эрсдэл өндөр байгаа аж. Улсын онцгой комиссоос мэдээлснээр бол зудын эрсдэлтэй аймгуудын малчид отор нүүдэл хийх нь ихэсжээ. Тухайлбал, зургаан чиглэлд 9.5 сая малыг отроор өвөлжүүлэх урьдчилсан тооцоог тус комиссоос гаргасан байна.
Бэлтгэсэн М.Оч