Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр зарлиг гарган нэр бүхий таван хуульчийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томиллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны долоодугаар сарын 18-ны өдөр давж заалдах шатны шүүхийн шүүгчийн нийт 8 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, оноогоороо хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн 5 нэр дэвшигчийг хуулийн дагуу шүүгчээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид 2022 оны аравдугаар сарын 21-ний өдөр хүргүүлээд байсан юм. Улмаар тус 5 хуульчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн хугацаандаа шүүгчээр томилжээ.
Ийнхүү Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Т.Шинэбаяр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Т.Бадрах, Д.Золзаяа, Э.Энэбиш нар, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр З.Түвшинтөгс нар тус тус ажиллахаар боллоо.