Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллага, өрх толгойлсон эх, эцэг зэрэг хуулиар эрх ашиг нь хөндөгдөх иргэдийн төлөөлөл нийт 70 гаруй хүн оролцов.
Хэлэлцүүлгийг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, ажлын хэсгийн дэд ахлагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нар нээж үг хэлэв. Хэлэлцүүлгээр хуулийн төсөлд шинээр тусгагдах асуудлын судалгааны дүн, хуулийн төслийн үзэл баримтлал болон гэр бүл, хүүхдийн байгууллагын чиг үүрэг, оролцооны талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хэлэлцүүлгийг ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа удирдан явууллаа. Оролцогчид гэр бүлийн харилцааны ээдрээтэй асуудлуудын эрх зүйг хэрхэн оновчтой шийдэх, иргэдийн гэр бүлийн боловсрол, эцэг, эхийн хариуцлага, хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хөндсөн. Ажлын хэсэг оролцогчдын саналыг судалж хуулийн төсөлд тусгах, тусгайлсан хэлэлцүүлгүүдийг шат дараатай зохион байгуулахаар боллоо.