Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар гэх халхавч дор ажлаа өгсөн Ш.Оргилд холбогдох хахуулийн өөр нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод зам барьж байсан НКВ компанийн туслан гүйцэтгэгч “Баянцагаан” гэх ХХК-ийнхны үйл ажиллагааг зогсоож, 10 сая төгрөг өгөхийг шаардсан аж. НКВ компанийнхан тус аймгийн Алтанбулаг сумын нутагт зам барих ажил хийхдээ шороо, чулуу ашиглах карьерын зөвшөөрөл холбогдох байгууллагаас нь аваагүй гэнэ. Тиймээс тус сумын Засаг дарга Н.Отгонцогт сумынхаа төвд 6.5 км сайжруулсан зам үнэгүй тавьж өгөхийг шаардсан байна. Үүнийг нь тус компанийнхан хүлээн зөвшөөрсөн бөгөөд удалгүй аймгийн Засаг дарга Ш.Оргил НКВ болон “Баянцагаан” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, дээрх мөнгийг өгөхийг шаардсан аж. Тус хоёр компанийнхан ажлаа хийхийн тулд нэхсэн мөнгийг нь өгсөн гэнэ. АТГ-ынхан уг хэргийг шалгаж эхлэхэд прокуророос Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг Эрүүгийн хуулийн 22.4-т заасан хясан боогдуулах замаар хахууль авсан хэмээн яллагдагчаар татсан байна. Үүнээс өмнө Ш.Оргил болон Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга асан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү, Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга асан, өдгөө аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй бэлтгэл дэд хурандаа С.Батжаргал нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлээд буй билээ. Энэ албан тушаалтнууд улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг Ш.Оргилын найз Г.Баттулгын “Эко петролиум” компанид давуу байдал олгон худалдан, төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм.