Олон улсын хурлын үеэр ахмад үе, тэр дундаа ЗХУ-д сурч төгссөн ахмадуудыг үгүйсгэсэн хэмээн шүүмжлэлд өртөөд буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өөрийн нүүр номоор дамжуулан тайлбар хийжээ. Уг тайлбарт "Та бүхэнд шинэ 7 хоногийн мэнд хүргэе! Амралтын өдрөөр 2021 оны аравдугаар сард буюу нэг жилийн өмнө миний оролцсон хурлын бичлэгээс тастаж авсан хэсгийг олуулаа ярилцлаа. Би энэ талаар өөрийн байр суурь илэрхийлж, бодит үнэнийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Саудын Арабын Риад хотод зохион байгуулагдсан тус хуралд миний оролцсон хэсэг бол үе хоорондын талаарх сэдэвтэй, шинэ үе төрд хэрхэн ажиллаж байгаа, ямар сорилт тулгарч байгаа талаар зочид ярьсан юм. Асуулт нь залуу хүн, хувь хүнд шууд чиглэсэн. Миний хариулт бол цар тахлын үед технологи хэрэглэх шаардлагатай үед төрд ажилладаг залуу үе, ахмад үеийн хоорондын онцлог, ялгаа илүү тод харагдсан тухай хэлсэн. Нэлээн урт, дэлгэрэнгүй хариултаас хэдэн секундын яриаг гуйвуулан орчуулж, гарчиг зохион тараасанд харамсаж байна. Цахим шилжилтийн энэ цаг үед мэдээллийг шүүн тунгаах, эх сурвалжид хариуцлагатай хандах нэг үлгэр боллоо. Та бүхэн сонирхвол бүтэн бичлэг үзэж, үнэлэн дүгнээрэй! Баярлалаа!" хэмээжээ.