Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Ази Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулган (АНДЧ)-тай Дээд хэмжээний уулзалтыг 2022 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн хооронд цахимаар зохион байгууллаа.
Уг уулзалтад Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн байгууллагын чуулганы орлогч дарга, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Б.Энхболд, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, гишүүн Х.Мөнхзул, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн болон АНДЧ-ы Хэрэг эрхлэх газрын зөвлөх Пип Дарган, Шинэ Зеландын ХЭҮК-ын дарга асан, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны дарга асан Росслин Нүүнан, АНДЧ-ы Эрх зүй ба бодлогын менежер Филипп Вардл, Филиппин улсын ХЭҮК-ын гишүүн асан Карен Гомез Думпит, Малайз улсын ХЭҮК-ын гишүүн асан Жералд Жозеф болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Дээд хэмжээний уулзалтаар ХЭҮК-ын дарга Ж.Хунан болон Комиссын гишүүд Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, шинээр байгуулагдсан механизмуудын чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүнийг таницуулж, Комиссын өмнө тулгамдаж буй асуудал, саад бэрхшээл болон цаашдын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцлоо. Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг хэрхэн чадавхжуулах, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах, ХЭҮК-ын шинэ мандат болох Хүний эрх хамгаалагч, Эрүү, шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмын үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй зохицуулах зэрэг асуудлаар талууд хэлэлцүүлэг өрнүүлэх байв.
Уг асуудалд талууд өөр өөрсдийн байр суурийг солилцож, харилцан мэдээлэл солилцох замаар туршлага хуваалцлаа. АНДЧ нь бүс нутагтаа хүний эрхийн үндэсний байгууллагуудыг байгуулах, бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажилладаг, гишүүн байгууллагуудаараа дамжуулан өөрийн бүс нутагт хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилготой байгууллага юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь АНДЧ-ны бүрэн эрхэт гишүүн бөгөөд тус Чуулганы 10 дугаар хурлыг 2005 онд, 20 дугаар хурлыг 2015 онд эх орондоо зохион байгуулсан туршлагатай.