Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутагт хайрга, дайрга олборлодог “Далай гоулд” компанийн үйл ажиллагаанаас болж Дэлгэр мөрөн ихээхэн бохирдож буй, мөн ухсан нүх, карьерт нь хүн, мал унаж, бэртэх тохиолдол байнга гардаг талаар орон нутгийн иргэд өнгөрсөн зун мэдээлж байв. Үүнтэй холбогдуулан тухайн компанийн үйл ажиллагааг шалгах, шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох үүрэг чиглэлийг БОАЖЯ-наас орон нутгийн удирдлагад өгсөн юм. Тэгвэл Хөвсгөл аймгийн Засаг дарга “Далай гоулд” компанийн газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргажээ. Тус компанид газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй нь шалгалтын явцад илэрсэн аж. Тэрчлэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, палеонтологи, археологийн хайгуул, судалгааг урьдчилж хийлгээгүй нь хууль зөрчсөн эж үзсэн байна. Иймд Бүрэнтогтох сумын Засаг даргын 2020 оны А/57 тоот захирамжийг хүчингүй болголоо.
Бэлтгэсэн Н.Буян