Үр тарианы коридорыг байлдааны ажиллагаанд ашиглахгүй гэсэн баталгааг Москва Украинаас бичгээр авсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Ингэснээр нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэнээс хойш хэд хоногийн дараа түдгэлзүүлсэн, Хар тэнгисийн үр тарианы санаачилгад тус улс дахин оролцож эхэллээ. Мэдэгдэлд дурдсанаар НҮБ болон Туркийн оролцооны ачаар баталгаа гаргуулсан байна. Тодруулбал, Украины үр тариаг экспортлох тухай Истанбулын хэлэлцээрийг хэрэгжүүлэхээ түр зогсоосноо ОХУ өнгөрсөн бямба гарагт зарласан юм. Шалтгаан нь Севастополь дахь Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнууд руу дроноос цохилт өгсөн явдал байв. Крым дэх флот руу нь халдахын тулд үр тариа ачсан хөлөг онгоц аюулгүй зорчиход зориулсан коридорыг ашигласан хэмээн ОХУ Украиныг буруутгасан юм. Энэ халдлагын хариуцлагыг Украин хүлээгээгүй. Турк болон НҮБ зуучилсны дагуу өнгөрсөн долдугаар сард байгуулсан үр тарианы гэрээнээс Москва гарах өөр шалтаг хайж болзошгүй гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Үр тарианы хэлэлцээрээс түдгэлзсэн Москвагийн үндэслэлийг Өрнөдийн орнууд болон Украин үнэмшилгүй гээд, түүнийг цуцлах шийдвэрээ эргэн харахыг шаардаж байв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ сарын 19-нд дуусах гэрээний хугацааг сунгах талаар аль болох хурдан тохиролцохыг талуудад уриалж байлаа.
Севастопольд болсон нисгэгчгүй онгоцны халдлагад Москва хариу арга хэмжээ авч, үр тарианы хэлэлцээрийг түр зогсоож, үүнийг ачсан олон арван хөлөг онгоцыг Украинаас гарах боломжгүй болгосон төдийгүй тус улсын эрчим хүчний дэд бүтцийн байгууламжид хүчтэй цохилт өгсөн юм.
Украины үр тариаг Хар тэнгисийн боомтоор экспортлох тухай хэлэлцээрийг өнгөрсөн долдугаар сард Истанбул хотод Орос, Украин, Турк, НҮБ-ын төлөөлөгчид байгуулсан. Эхний хөлөг онгоц наймдугаар сарын 1-нд Одесса боомтоос хөдөлсөн юм. Түүнээс хойш 9.8 сая тонн үр тариа тус боомтоор дамжин өнгөрчээ.