Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хоньчин Б.Ажваа агсны мал маллах арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Үстэй бурхадтай уулзсан хүн буюу нар, сарны хишиг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Уг хурлыг түүний төрөлх нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл сумд зохион байгуулсан юм. Б.Ажваа агсан нь Баян-Өнжүүл сумын анхны Хөдөлмөрийн баатар билээ. Эрдэм шинжилгээний бага хуралд ХХААХҮЯ-ны Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг “Малын удмын санг хамгаалах” нь сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Мөн “Аймгийн мал аж ахуйн үйлдвэрлэл, баялаг бүтээхэд баатрын хөдөлмөр бүтээлийн үнэт зүйлс, залуучуудын тусгал” сэдвээр Залуучууд хөгжлийн төвийн дарга Б.Лхагва-Орлом, “Төв аймгийн Баян-Өнжүүл сумын хөдөлмөрийн алдартнууд болон Б.Ажваа баатрын үнэ цэн, сургамж” сэдвээр сумын Засаг дарга Э.Наранцогт нар илтгэл тавилаа. Хөдөлмөрийн баатар Б.Ажваа агсны мал маллах арга ухааныг ийнхүү судалгааны эргэлтэд оруулснаар зөвхөн тухайн орон нутгийнхан төдийгүй нийт малчдад туршлагыг нь түгээх боломж бүрдэх аж. Ташрамд сонирхуулахад, энэхүү үйл ажиллагааг “Хөдөлмөрийн баатруудаа алдаршуулъя” төслийн хүрээнд зохион байгуулжээ.