Нийслэлд автомашин, түүний эд ангийг тонож хулгайлах хэрэг сүүлийн үед олон гарах болсон аж. Ялангуяа Баянгол дүүрэгт энэ төрлийн хэрэг багагүй гарч байгаа учраас тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс сүүлийн өдрүүдэд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ ажлын хүрээнд тус хэлтсийнхэн “Ланд круйзер-80” маркийн автомашин хөлөглөсөн гэмт этгээдийг саатууллаа. 29 настай Ц гэх уг залуу Баянгол дүүргийн I хорооны нутаг, “Богд-Ар” хорооллын дэргэдэх 73 дугаар байрны гадна байсан иргэн М-ын “Лексус-470” маркийн авто машины хоёр толийг нь хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Энэ талаар тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас лавлахад “Иргэн М-ийн автомашины хоёр толийг Ц гэх залуу хулгайлж байгаад манай эргүүлийн ажилтнуудад баригдсан. Түүнийг дөнгөж шалгаж эхэлж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Сэжигтэн Ц төрийн байгууллагад ажилладаг, боломжийн цалинтай хүн байсан” гэв.