Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийнхөн өнгөрсөн онд 36.9 мянган нэгж цус цуглуулсныг өчигдөр болсон “Хүн бүр баатар” арга хэмжээний үеэр мэдээллээ. Доноруудаас цуглуулсан цусаар 103.3 нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж. Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй эмчилгээний шинэ технологиуд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, төрөлтийн хүндрэл, хавдар зэрэг цус сэлбэх шаардлагатай өвчнүүд олширч буйтай холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж буй юм байна. Тиймээс донорын эгнээг өргөтгөх, тасралтгүй үйл ажиллагааг нь хангах замаар хамрагдалтын хувийг нэмэгдүүлэх нь нэн чухал байгааг албаныхан хэллээ.
Үүнтэй холбоотойгоор ЦССҮТ-ийнхөн 2025 онд гэхэд л доноруудаас 45 мянган нэгж цус цуглуулж, 130.5 мянган нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж буй гэнэ. Эл үзүүлэлтийг 2035 онд 30 хувиар нэмэгдүүлэн, 185.6 мянган нэгжид хүргэхээр зорьж байгаа аж. Ингэхийн тулд доноруудаас 61.7 мянган нэгж цус цуглуулах шаардлагатай юм байна. Өсөн нэмэгдэж буй цусан бүтээгдэхүүний хэрэглээ нь 2035 он гэхэд 185.6 мянган нэгжид хүрнэ хэмээн тооцоолсон нь энэ аж. Тиймээс ЦССҮТ салбар төвүүдээрээ дамжуулан сар бүрийн 3-нд цус цуглуулж эхэлжээ. Энэхүү компанит ажлыг маргааш 92 дахь удаагаа зохион байгуулах гэж буй юм билээ.
Үндэсний өгөх өдрийн хүрээнд “Хүн бүр баатар” арга хэмжээг ЦССҮТ, МУЗН, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооныхон хамтран зохион байгуулав. Энэ үеэр эрүүл мэндийн сэтгүүлчид болон бусад албаныхан цусаа хандивлаж, авлагагүй, сайн дурын донорын эгнээг өргөтгөн, олон нийтэд цусаа хандивлахын ач тусыг сурталчилсан байна.