Боловсрол, шинжлэх ухааны сайд 2021 оны 08 дугаар сарын 26-ний өдөр хэвлэлийн бага хурлын үеэр, “МҮИС болон МУИС гэсэн хоёр их сургуулийн нэрийн асуудалд яам ямар байр суурьтай байгаа вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад, “Энэ бол луйвар. Бид МҮИС гэдэг нэрээ буцааж авах хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт, “Mongolian National University” гэдэг нэрээр гадаадад явахад манай, их дээд сургуулиудын эрэмбийг хамгийн их хойш нь татаж байгаа. Хөдөө орон нутгийн оюутнууд хотод ирэхэд МУИС-д ороод байгаа юм уу, МҮИС-д ороод байгаа юм уу гэдэг их төөрөгдөл үүсэж байгаа. Тийм учраас бид нар энэ нэрээ буцааж авна, энэ бол Монголын төрийн өмч, Монголын ард түмний өмч, Хоёрдугаарт, УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд ямар нэгэн “Монголын Үндэсний.... хэмээх нэрийг авахыг хориглож байгаа” гэж хариулжээ.
МҮИС-иас “… энэ мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараагдснаар МҮИС-ийн нэр хүндийг гутаасан” гэж, Боловсрол, шинжлэх ухааны яаманд холбогдуулан “ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, яамнаас уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “ … Үндэсний гэх статустай их сургууль нь төрийн өмчийн сургууль байх ёстой, МУИС, МҮИС гэх нэрийн давхардал нь гадаад харилцаанд болон хэрэглэгчдийг төөрөгдүүлж байсан, МУИС, МҮИС товчлол нь бичвэр болон дуудлагын төсөөтэй, латин галигт “МUIS” гэж ижил бичигддэг” гэх зэргээр маргав.
Хэрэгт авагдсан баримтаар, МҮИС нь БСШУ-ны сайдын 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 39 дүгээр тушаалаар “Монголын Үндэсний коллеж”-ийн ангилал, БСШУ-ны сайдын 2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар тушаалаар “Монголын Үндэсний дээд сургууль”-ийн ангилал, БСШУ-ны сайдын 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар “Монголын Үндэсний их сургууль”-ийн ангилал авсан, магадлан итгэмжлэгдсэн сургууль байна.
Монгол улсын төрийн хэлний зөвлөлийн хэл шинжлэлийн дүгнэлтэд “...“National University of Mongolia”, “Mongolian national university” гэсэн хэллэгүүдийн үгийн бүрэлдэхүүн болон дуудлага ижил үгсийн байрлал өөр тул авианзүйн талаар төөрөгдүүлэх боломжгүй, ялгаатай, “Монгол Улсын” гэсэн хэллэг нь тус сургууль төрийн өмчийн байгууллага болохыг илэрхийлж байна. “Монголын Үндэсний” гэсэн хэллэгийг Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон төрийн бус ямар ч байгууллага хэрэглэж болно, нэрийн товчлол болох МУИС, МҮИС нь бусдыг төөрөгдүүлэх үндэсгүй, МУИС ба МҮИС-ийн бэлгэ тэмдэг, логонууд нь эрс өөр байна.
Иймээс Монголын Үндэсний их сургуулийн нэр нь “Өрсөлдөөний тухай” хуулийн “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа” гэсэн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсгийн “Бусдын барааны тэмдэг, шошго аж ахуй эрхлэгчийн нэр барааны чанарын баталгааг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлах”-ыг хориглосон заалтыг зөрчөөгүй байна” гэжээ.
Иргэний хэргийн анхан шатны шүүхээс, хариуцагч яам нь “МҮИС нэрийг үндэслэлгүй авсан, нэр нь төрийн өмч учраас буцааж авна, МУИС, МҮИС гэх нэр бичвэр болон дуудлагын хувьд төсөөтэй, нэрийн давхардал нь гадаад харилцаанд болон хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн” гэх мэдээллийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй тул МҮИС-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчээс уучлалт гуйх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг яаманд даалгаж шийдвэрлэсэн байна.