Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг УИХ-аас 2021 онд баталж, өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хуулийн дагуу төрийн байгууллагууд иргэдийн мэдэх эрхийг хангах, тэр дундаа 68 төрлийн мэдээллийг ил тод байршуулах үүрэг хүлээсэн юм. Тэгвэл төрийн байгууллагууд уг үүргээ биелүүлж, иргэдийн мэдэх эрхийг хангаж буй, эсэхийг тодруулах судалгааг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хийжээ. Ингэхдээ санамсаргүй түүврийн аргаар Жижиг, дунд үйлдвэрийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Соёл урлагийн газар гэсэн гурван байгууллагыг сонгож, мэдээллийн ил тод байдлыг нь үнэлсэн байна. Эл судалгаагаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын мэдээллийн ил тод байдал 45.9, Соёл урлагийн газрынх 38.2, Иргэний нисэхийн ерөнхий газрынх 37.3 хувьтай үнэлэгджээ.
Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй болгоогүй, ил тод байдал нь 50 хувьд ч хүрэхгүй байгаа нь үүнээс харагдаж буй юм. Дээрх хуулиар нээлттэй байх 68 төрлийн мэдээлэлд нь хариуцсан салбарын үйл ажиллагааны статистик, тухайн байгууллагын хүний нөөц, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт зэрэг багтсан. Мөн “Шилэн данс”-ны хөтлөлт, хэрэгжилт, концессын зүйлийн жагсаалт, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, эзэмшиж байгаа оюуны өмч, газар, төсвийн хөрөнгийн ашиглалт зэргийг олон нийтэд ил тодоор мэдээлэх ёстой. Холбогдох байгууллагууд эдгээр мэдээллээ цахим хуудсандаа ил тод байршуулж, хуулиа хэрэгжүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас уриалсан байна.
Бэлтгэсэн М.Оч