Монгол Улсын Засгийн Газар, Зам тээврийн хөгжлийн яам нь ойрын болон дунд хугацаанд олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг улам өргөтгөхийг зорьж байна. Энэ хүрээнд тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх олон улсын тээврийг хөгжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогын зорилт, хөтөлбөрийн хүрээнд Ховд, Баян-Өлгий аймгуудад ОХУ-ын хилийн боомтоос БНХАУ-ын хилийн боомттой холбогдох Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад орууллаа.
Замын барилгын ажилд Монгол Улсын авто замын төлөвлөлтийн стандартын III ангилал, Азийн авто замын техникийн II ангиллын авто замын шаардлагад нийцсэн, орчин үеийн техникийн дэвшлийг нэвтрүүлсэн. Төслийн хүрээнд 745.8км замын дагууд 30 – 201 метр урттай нийт 1884.8 урт метр хүчитгэсэн төмөр бетон 33 гүүр, хавцал дахь хадны нуранги, чулуунаас хамгаалах 1300 метр урт хамгаалалтын торон хашлага, хөрсний гулсалтаас сэргийлсэн 1400 метр бетон ханыг манай улсын авто замын түүхэнд анх удаа барьж байгуулсан байна. Түүнчлэн шөнийн харанхуйд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Cat Eye” буюу гэрэлтүүлэгч бөмбөлгийг Бага-Улаан даваа-Манхан чиглэлийн 103.3 км замын хучилтад анх удаа ашиглажээ. Мөн Бураатын даваанд цас, борооноос үүсэх хальтиргаа гулгаанаас сэргийлэх “Rumble” наалтыг анх удаа авто замын хучилтад хийсэн, мөнх цэвдэгтэй хэсэгт 1300 метр уртад цэвдэгээс хамгаалах термосифон хоолойг хучилтан дор суурилуулж, цэвдгийг заасан хэмд барьж хадгалах шонгуудыг замын дагууд суурилуулсан гэдгээрээ онцлогтой.