GPE буюу “Боловсролын төлөөх дэлхий нийтийн түншлэл” байгууллагаас боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон манай улсад таван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байгаа аж. БШУЯ уг санхүүжилтээр “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл хэрэгжүүлэх нь. Үүний хүрээнд энэ жилээс 2025 он хүртэлх хугацаанд гурван чиглэлийн дэд төслийг хэрэгжүүлэх юм байна. “Тэгш хамран сургах боловсрол” нэртэй эхний дэд төслийн хүрээнд Хан-Уул, Сүхбаатар дүүрэг, Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймгийн 18 сургуулийн 4693 багшийг чадавхжуулах аж. Сургалтын үр дүнг хөгжлийн бэрхшээлтэй 742, бага болон дунд ангийн 130 мянган сурагч хүртэнэ гэж тооцжээ. “Сургуулийн үдийн хоол” дэд төслийг нийслэлийн 15, орон нутгийн 30 сургуульд хэрэгжүүлнэ. Эдгээр сургуулийн 6-14 насны 48 000 хүүхдийг уг төсөлд хамруулах аж. Мөн зорилтот сургуулиудад ажиллах хоол тэжээлийн 36 мэргэжилтнийг бэлтгэх юм байна. “Хосолсон сургалт”-ын дэд төсөлд Сүхбаатар, Хан-уул дүүрэг болон Увс, Ховд, Булган, Сүхбаатар, Дундговь аймгийн 50 сургуулийн 5000 сурагчийгхамруулна. Түүнчлэн зорилтот сургуулиудад хүүхэд нь суралцдаг 500 эцэг, эх, асран хамгаалагч, бага, дунд сургуулийн 1000 гаруй багш, 100 удирдах ажилтныг оролцуулах тухай “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн нээлтийн үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэллээ.
Бэлтгэсэн Р.Жаргал