Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Тэрбээр тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгож 2019 оны аравдугаар сарын 4-нд УИХ-ын чуулганд оролцсон 52 гишүүний 40 нь дэмжсэнээр ЗХЖШ-ын даргаар томилогдсон бөгөөд өмнөх Төрийн тэргүүн халаагаа өгөхийн урьд 2021 оны зургадугаар сард дэслэгч генерал цол олгосон юм. Түүний оронд ЗХЖШ-ын I орлогчоор ажиллаж буй бригадын генерал Сүнрэвийн Ганбямбыг томилохоор Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар дэмжсэн байна. Бригадын генерал С.Ганбямба нь Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяртай ойр дотно харилцдаг, тиймдээ ч БХЯ-ныхаа Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар томилсон. Түүгээр ч зогсохгүй ЗХЖШ-ын I орлогч даргын албан тушаалд ч томилуулсан хэмээн БХЯ, ЗХЖШ-ынхан ярьдаг юм. С.Ганбямбыг 2021 оны есдүгээр сард ЗХЖШ-ын I орлогч даргаар томилж, арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар бригадын генерал цол олгож байв.
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг чөлөөлөгдөх болсноо мэдмэгц өрөөгөө сулласан хэмээн хамт олон нь ярьж буй бөгөөд С.Ганбямбыг энэ долоо хоногт Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, ирэх өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн албан тушаалд нь томилохоор болж буй тухай БХЯ-ныхан өгүүллээ. Уг нь ЗХЖШ-ын даргын албан тушаалд томилогдохоор тус яамны нөлөө бүхий генералууд зүтгэсэн ч амжилт олоогүй аж.
Бэлтгэсэн Д.Дайчин