Монголын анхны цахим сургууль нээлтээ хийж, 21 аймаг, 9 дүүргийн 477 сургуулийн 10 дугаар ангийн 10407 сурагч суралцахаар бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчид сонгон судлах хичээлийг цахимаар судлах боломжтой болсон.
Цахим сургалт нь Microsoft Teams программаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд танхимын бусад сургалттай ижил сонгон судлах хичээлийн дүн системд бүртгэгддэг аж.
Харамсалтай нь, цахим сургуулийн хичээл эхэлсэн дөрвөн 7 хоногт нийслэлийн сурагчдын хамрагдалт хангалтгүй байгаа гэнэ. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамны нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдэд хандаж, албан бичиг гаргажээ. Албан бичигт "Та бүхэн багшийн систем дэх өөрийн мэдээллээ шинэчилж, @medle.mn хаягаа шалган, сурагчдын хичээлийн хуваарь болон зааврыг анги удирдсан багш нарт өгч хамтарч ажиллана уу" хэмээжээ.