Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран төрийн болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, судалгааг танилцуулж, хэлэлцүүлжээ. Хэлэлцүүлгээр хуулийн төсөлд шинээр тусгагдах гэрлэлтийн гэрээ, хүүхдийн овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчлөх болон үрчлэлтийг шүүх шийдвэрлэх, хүүхдийн хуваарьт хөрөнгийн зарцуулалтад хязгаарлалт тогтоох, гэр бүлтэй адилтгах харилцаа, хүүхдийн тэтгэлэг тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн гэнэ.
Уг хуулийн төсөл гурван парламент дамжсан ч өнөөг хүртэл батлагдаагүй. Өдгөө хуулийн төслийг шинэчлэн найруулах ажлын хэсгийн гишүүдийг өөрчлөөд буй. Зарим ТББ-ын гишүүд "Эл хуулийн төсөл хаалттай, ямар агуулга, санаа багтсан зэрэг нь нууцлагдмал, ажлын хэсгийнхнийг нээлттэй биш" хэмээн шүүмжилсээр байгаа билээ. Товчхондоо, тэд Хууль зүй, дотоод хэргийн болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхан эл хуульд хариуцлагагүй хандсан хэмээсэн.
Судлаачид уг хуулийн төсөлд тусгуулахаар дараах гурван саналыг хэлж байна.
Нэгдүгээрт, Гэр бүлийн өмнө хүлээх хувь хүний үүрэг хариуцлагыг маш хатуу зааж өгөх шаардлагатай. Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд салбар байгууллага, иргэний нийгмийн байгууллагын оролцоог маш нарийн тодорхойлох хэрэгтэй.
Хоёрдугаарт, Дэлхийн аль ч улс оронд төр бүх зүйлийг нуруундаа үүрээд шийдсэн жишиг байхгүй. Иргэний нийгмийн байгууллагаар дамжуулж, нийгмийн асуудлыг шийддэг. Жишээлбэл, Унгар улсад тавдугаар сарын 20 буюу татвар төлөгчдийн өдрөөр иргэд нь төлдөг татварынхаа хоёр хувийг төрийн бус аль нэг байгуулагад өгдөг.
Гуравдугаарт, татвар төлөгчдийн мөнгөөр иргэний нийгмийн байгууллагууд тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд оролцдог. Манайд ийм тогтолцоо алга. Монгол Улс Гэр бүлийн яамтай болмоор байна гэсэн юм.