Украины оршин суугчдад дулаан газар луу шилжин суурьших талаар бодохыг тус улсын парламентын Эрчим хүчний асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Алексей Кучеренко зөвлөжээ. “Зөвхөн өөртөө л найд. Дулаан газар луу явах шаардлага гарцаагүй гарна. “Б төлөвлөгөө”-г бүү март, хаана, хэнд хандахаа бодож үзээрэй. Тосгоныхон өвөл ажирдаггүйг санаж, тэнд байдаг найз, нөхөд, хамаатан садныдаа очих хэрэгтэй” гэж тэрбээр Украины “Vesti” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Түүний хэлснээр Украины эрх баригчид ирэх халаалтын улиралд хий, нүүрсний нөөц бүрдүүлэх төлөвлөгөөгөө биелүүлээгүй. Тодруулбал, 19 тэрбум шоо метр хий нөөцлөхөөр төлөвлөснөөс “Нафтогаз” 14.2-ыг, шаардлагатай 2.6 тэрбум тонн нүүрснээс 1.9-ийг нь л бэлджээ. Тиймээс украинчууд онцгой байдалд урьдчилан бэлдсэн нь дээр гэж А.Кучеренко мэдэгдэв.
Украин түүхэндээ хамгийн хүнд өвөл болохыг тус улсын эрх баригчид өнгөрсөн зун анхааруулсан. Өвлийн улиралд орон сууцад 17-18 градус буюу хэвийн хэмжээнээс дөрвөн градусаар бага нөхцөлд байх тул хөнжил, дулаан хувцсаа нөөцлөхийг иргэдэд “Нафтогаз” компанийн тэргүүн Юрий Витренко зөвлөжээ. Тус улсад түлээний эрэлт хэрэгцээ их байна. Хэд хэдэн бүс нутагт нь хамгийн эмзэг бүлгийн иргэддээ түлээ нийлүүлэхийн тулд Засгийн газраас нь орон нутгийн цэргийн захиргаанд 563 сая гривен (15 сая ам.доллар) хуваарилсан байна. Мөн Украинтай хил залгаа Унгарын зүүн хойд нутгийн Фенешлитке тосгоны ойролцоо зайнаас удирдах 5G технологи ашигласан, Европын анхны төмөр замын ачаа тээврийн терминал нээж, Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачсан анхны галт тэргээ хүлээн авчээ. Үүнийг тухайлбал, Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бусад улс руу тээвэрлэхэд ашигласнаар дэлхийн алслагдсан өнцөг булан бүрт хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хангах гэнэ. “East-west gate” (“Дорно, өрнө хоорондын үүд” гэж нэрлэсэн уг төсөлд 30 тэрбум форинтын (70 сая гаруй ам.доллар) хөрөнгө оруулсан бөгөөд тус төвд 500 хүн ажиллана. Тэд 5G сүлжээг ашиглан хэд хэдэн өргөгч цамхгийг зайнаас удирдаж, чингэлэг, шатахууны цистерн зэргийг шилжүүлэн ачих боломжтой. Энэ сүлжээг “Vodafone Hungary” компани бүтээж, тоног төхөөрөмжийг Хятадын “Huawei” нийлүүлжээ. Фенешлитке терминал нь Хятадаас Баруун Европ руу бараа хүргэх Торгоны замын хамгийн чухал цэг болж, Унгарыг олон улсын төмөр замын ложистикийн газрын зурагт буцаан оруулах гэнэ.