Малайзад орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 оны аравдугаар сарын 19-нд бусдын гарт алтан амиа онц хэрцгийгээр алдсан. Тодорхой хэлбэл, бүсгүйн толгой руу нь буудаж, биед нь "С4" нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон. Уг хэрэгт Малайзын тухайн үеийн Ерөнхий сайд Нажиб Разак, Малайзын улстөрч Абдул Разак Багиндаг холбоотой гэдэг. Талийгаачийн аав Ш.Шаарийбуутай хэрэг, явдлын шүүх хурал хэрхэн өрнөж буй талаар ярилцлаа.
-Юуны өмнө танд эмгэнэл дахин илэрхийлье. Та олон жил Малайзын шүүх байгууллагад хандаж, хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэж яваа. Миний санаж байгаагаар шүүх хурал өнөөдөр товлогдсон. Шүүх хурлын явцын талаар сураг чимээ авав уу?
-Өнөөдөр ч асуудалтай өдөр шүү. Аравдугаар сарын 19-ны өдөр миний хувьд аймшгийн хар өдөр. Харин Малайзуудын хувьд мацаг тайлах баяр нь. Хэрэг явдал гарснаас хойш 17 жил өнгөрчээ. Эхний 12 жилд нь хэргийг захиалагч, хэрэгжүүлэгч төрийнхөн эрх барьж байсан болохоор өөрсдөдөө зориулсан шоуны шүүх хурал явуулсаар ирсэн үнэхээр шударга бус байсан.
-Манай төр засаг тус уг шударга бус байдлын талаар хэр дуугарч, хэргийг шударгаар шийдүүлэхийн төлөө хэрхэн санаа тавьж ирсэн бэ?
-Юун дуугарах харин ч ая талыг нь харсан байдалтай байсан. Би мөнгөтэй хүчтэй хүмүүсээс ил далд нуугдаж найман удаа шүүх хуралд оролцсон. Муу хүний заяа завагт гэгчээр нэрт өмгөөлөгч Карпал сингх түүний охин Санжид Карпал нар гэр бүлээрээ энэ олон жилийн турш миний эрхийг хамгаалж тууштай тэмцэж, хэргийг шийдэхэд сайн нөлөө үзүүлж ирсэн. Зохих үр дүнд хүрсэн.
-Гэхдээ манай хүний эрхийн болон төрийн бус байгууллагууд энэ хэргийн араас явсан санагдаж байна.
-Сонин дээрээ соохолцоно гэгчээр эхний үед оролцохгүй газар, дуугарахгүй улс төрийн хүчнийхэн гэж байгаагүй. Удалгүй унтарсаар одоо ч хүч нь ч хүсэл нь үгүй болсон. Би л очиж чихэнд нь дуулгахгүй бол хөдлөхгүй. Гэхдээ хүнээс их зүйл шалтгаална. ХЭҮК-ийн дарга асан Ж.Бямбадорж, П.Оюунчимэг, Хүчирхийллийн эсрэг төвийнхөн нар энэ хэргийн араас их явсан.
-Энэ хэргийг үйлдсэн хоёр цагдаад цаазын ял оноосон биз дээ?
-Үгүй ээ, 2008 онд цаазын ял оноосон ч хэрэгжүүлээгүй. 2013 онд цагаатгачихсан. Учир нь нэг нь Австрали руу зугтчихсан учраас эл хэрэг ямар нэг шийдэлгүй болсон.
-Энэ бүгдэд яг юу нөлөөлөөд ингэж удаан шийдэгддэг юм бол?
-Жижиг орон жижиг л байдаг юм шиг санагддаг. Миний л бодол. Олон жил өнгөрсөн ч Малайз руу хүн биш захидал хэмээх цаас илгээсээр ирсэн. Манай улсын захидалд нэг ч хариу ирж байсангүй. Сүүлийн 12 жилд манай оронтой дипломат харилцаагаа зогсоосон. Энэ бол манай улсыг хэрхэн үзэж буйн илрэл. Хүний эрхийн хуульчид дорвитой дуугарч чадахгүй байна. Хэн нэг эрэн сурвалжлагч тууштай явсан бол Энхтайваны нобелийн шагнал ч хүртсэн байж мэдэх юм. Австралид нэг хүн нь байгаа учраас шүүх хурал урагшлахгүй байгаа. Манайх Австрали руу дуугардаггүй. Манайхан арал улсаас айж байгаа юм чинь тив улстай юугаа ч ярих вэ дээ.
-Хэрэг гарснаас хойш, тэр дундаа 2018 онд би Малайзын сонгуулийн хугацаанд хэр чадлаараа дуугарсан.
-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд архивт орсон хэргүүдийг шинээр сэргээсэн нь надад их боломжийг нээсэн. Дөрвөн жил өнгөрлөө. Гайтай цар тахал их нөлөөлсөн. Дэлхийн бүх хөдөлгүүр зогсож хоёр жил болсон ч 30-аад гэрчийг өөрийн зардлаар янз бүрийн орноос авчирч мэдүүлэг өгүүллээ. Шүүх хурал хийнэ гэсэн ч хоёр жил хойшлуулсан. Өнөөдөр буюу аравдугаар сарын 19-нд Малайзад шүүх хурал болох байсан бас л хойшлууллаа.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Малайз руу захидал илгээсэн гэж дуулдсан.
-Гадаад харилцааны яам, Консулын газрын санаачилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард захидал явуулсан юм билээ. Гэвч дараа долоо хоногт нь тус улсын Ерөнхий сайд нь солигдчихсон. Гэхдээ манай Ерөнхий сайд энэ сарын 19-ний шүүх хурлын өмнө дахин захидал явуулсанд баярлаж сууна. Би ч хувийн захидлаа Малайзын шинэ Ерөнхий сайдад явуулсан. Хоёр захидал очсон байна билээ. Тиймээс эрхбиш нэгийг тунгааж, нөгөөг бодохоор эл шүүх хурал өнөөдөр завсарлага авсан юм байлгүй дээ.
-Аливаа улс өөрийн нутагт гарсан хэргийг өөрсдөө шалгаж шийддэг. Олон улсын конвенцын гэрээ нь тийм. Цаашид та яах бодолтой байна вэ?
-Малайзын шүүхийн шийдвэр гарахгүй болохоор би олон улсын эрхийн болон НҮБ-д хандаж чадахгүй байна. Би болон манай улс ч ялгаагүй. Гол нь шүүхийн шийдвэрийг л хүлээж байна. Тэд ямар нэг арга саам хайгаад л шийдвэр гаргахгүй удаад байна. Эцэст нь би өөрийнхөө төлөө бус, Малайзад амиа алдсан цөөнгүй иргэн, хүний наймааны золиос болсон монгол хүний эрхийг хамгаалахаар өнгөрсөн жилүүдэд тэмцэж ирснээ хэлье. Манайхыг өөр газрын Элчин дам хариуцдаг. Малайз улсад визгүй зорчдог асуудлыг зогсоох саналыг албан ёсоор гаргах болно. Учир нь ямар нэг асуудал болоход араас нь хөөцөлдөхөд үр дүн гарахгүй, эрүүл мэнд эдийн засаг, амиараа хохирдог. Тиймээс эртхэн Малайзаас эх орондоо ирэх, эсвэл өөр эвтэйхэн улс руу шилжин суралцаарай гэж зөвлөе.