Шри Ланкагийн зохиолч Шехан Карунатилака “Маали Алмейдагийн долоон сар” зохиолоороо 2022 оны Букерийн шагнал хүртлээ. Англи хэлээр бүтээлээ туурвидаг зохиолчдын хувьд хамгийн нэр хүндтэйд тооцогддог энэ шагналын эзнийг тодруулах ёслол Британийн нийслэл Лондонд болов. Хошигнолоор дүүрэн уг номд дайны үеийн гэрэл зурагчин Маали Алмейдад хойд насанд нь тохиолдсон адал явдлуудыг өгүүлдэг аж. Тэр ертөнцөд түүнд долоон сар байх бөгөөд энэ хугацааг хайртай хүмүүсээ Шри Ланкаг донсолгосон гэрэл зургууд бүхий нуувч руу хөтлөхөд ашигладаг гэнэ.
Шагналыг Британийн хааны гэргий Камилла гардуулжээ. Шехан Карунатилакад олгосон шагналыг 50 мянган фунт стерлинг буюу 57 мянган ам.доллар дагалдав. Шүүгчдийн зөвлөлийн дарга, Британийн урлаг судлаач, зохиолч Нил Макгрегор ялагчийг зарлахдаа Ш.Карунатилакагийн зохиолыг янз бүрийн жанруудын төдийгүй амьдрал ба үхэл, бие ба сүнс, Дорно ба Өрнийн хил хязгаарыг арилгасан метафизик триллер, хойд насыг харуулсан роман гэж нэрлэжээ. Үүний сацуу Шри Ланкагийн иргэний дайны цуст, аймшигт үйл явдлуудын дунд өрнөж буй уг бүтээл нь уншигчдад эмзэглэл, гоо үзэсгэлэн, хайр, үнэнч байдал, өөрийн гэсэн хүсэл эрмэлзлийг олж мэдэх боломж олгосныг Н.Макгрегор тэмдэглэв.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс хойш Британи, Ирландад хэвлэгдсэн 169 зохиолоос 13 нь Букерийн шагналын жагсаалтад багтжээ. Уг шагналыг 1968 онд бий болгож, эхнийхийг 1969 онд гардуулсан түүхтэй.