Төрийн байгууллага программ хангамжийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодынхоо компаниудын бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний дэд бүтцэд суурилсан худалдан авалтын цогц систем бий болгох, түүнд байрших программ хангамжийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагын талаар санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанд Цахим хөгжил харилцаа холбооны яам, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, программ үйлдвэрлэгч нарын төлөөлөл оролцлоо.
Төр программ хангамжийн салбарт хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, нэгэнт бүтээсэн программ хангамжийг давхардуулан хийлгэхгүй, худалдаж авахгүй, хувийн хэвшлийн хөгжих боломжийг хаалгүйгээр түншилж ажиллана.
Төрийн программ хангамжид тавигдах шаардлага нөхцөл стандартыг ЦХХХЯ боловсруулж цаашид тус стандартыг хангасан бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлагыг хангуулна.
Шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний дэд бүтцэд суурилсан программ хангамж худалдан авалтын системд байршуулан төрийн худалдан авах ажиллагаанд оролцуулах, олон улсад сурталчлан таниулах чиглэлд дэмжин ажиллах болно.
Цаашид цахим хөгжил харилцаа холбооны яам төрийн программ хангамжийн худалдан авалтад мэргэжлийн зөвлөмж өгөх, дүгнэлт гаргах байдлаар хамтран хэрэгжүүлж уялдаа холбоог хангах, давхардлыг арилгах, үргүй зардлыг бууруулахад бодитой үр дүн гаргах болно гэв.