Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Их хатуу” гэдэг газарт энэ сарын 16-нд гарсан хээрийн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 70 км замыг туулан очиж, хээрийн түймрийг унтраахаар ажиллан өчигдөр 00:20 цагт цурамд оруулж, тухайн өдрийн 09:20 цагт бүрэн унтраасан байна.
Мөн Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн ‘’Халбан заяа’’ гэдэг газарт өчигдөр хээрийн түймэр гарсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 25 км замыг туулан очиход 2 га хээрийн талбай шатаж байсныг 14:36 цагт цурманд оруулж, 16:21 цагт бүрэн унтраажээ.
Эл өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын (Эрээнцав) Цагаанчулуут багийн “Мандвай” гэдэг газарт хээрийн түймэр гарсныг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд 50 км замыг туулан очиж, хээрийн түймрийг унтраахаар ажиллан 19:00 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.