Хагас зуун хүрэхгүй хугацаанд ядуу буурай орныг дэлхийн хоёр дахь том эдийн засаг болгож, амьжиргааны түвшнээр Оросыг гүйцэн түрүүлж, дэлхийд тэргүүлэгч АНУ-ын өрсөлдөгч болсон нь Хятадын хувьд гайхамшиг байв. Түүнээс хойш анх удаа тус улс шинэ таван жилийн төлөвлөгөөндөө хамгийн хүнд нөхцөлтэйгөөр шилжиж буй тухай ажиглагчид бичиж байна. Коммунист төлөвлөгөөний тогтвортой байдалд заналхийлэх хэд хэдэн хямрал энэ улсад болж буй. Намын жолоог 10 жил атгахдаа эрх мэдлээ батжуулж, Хятадын нөлөөг дэлхий дахинд бэхжүүлэх, хөгжиж буй орныг хөгжингүй болгох өөрчлөн байгуулалтыг эхлүүлсэн Си Зиньпиний үед тэдгээр хямрал бүрэлдэн бий болжээ. Энэ замд бэрхшээл тулгарч, Хятад улс Өрнөдийнхөнтэй түнжин хагарч, эдийн засаг нь тоормос дарав. Төмөр нударга, төвлөрсөн төлөвлөлтөд тавьсан бооцоо нь Хятад улсыг “Ковид”-ын мөнхийн хөл хорионд оруулж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гэсэн хортой холбоотонтой дөрөө харшуулахад хүргэж буй тухай ВВС бичсэн байна.
Гэсэн ч бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байгаа гэдэгт Си Зиньпин итгэлтэй төдийгүй бэрхшээлийг даван туулах, төлөвлөсөн замаасаа буцахгүй гэсэн шийдвэр төгс буй. Ингэхийн тулд 69 настай Си Зиньпин гурав дахь таван жилдээ нам, улсын тэргүүний суудалд үлдэж, 10 жилд ядаж нэг удаа даргаа сольж, Улс төрийн товчооны гишүүдийг 68 наснаас хэтрүүлэлгүй тэтгэвэрт гаргадаг Хятадын уламжлалыг өөрчлөв.
Өнгөрсөн ням гарагт Си Зиньпин БНХАУ-ын Коммунист намын олон өдрийн хурлыг нээж, хоёр цаг үг хэлэхдээ (өмнөх их хурлын үеэр уг хугацаа 3.5 цаг байж) үндсэн таван чиглэлээ өөрчлөхгүй хэмээн амлалаа. Юуны түрүүнд, иргэдийнхээ амь нас, улсынхаа эдийн засгийг хамгаалахын тулд хөл хорио тогтоох замаар “Ковид”-ыг тэглэх бодлогоо үргэлжлүүлэн баримтлах нь. Дэлхийд манлайлж, Өрнөдийн хөгжлийн загварыг гол баримжаа болгоно. Мөн улсынхаа аюулгүй байдлын зэрэгцээ эдийн засаг, технологио хөгжүүлэхийг нэн тэргүүний зорилт болгосон хэвээр байна. Нийгмээ хөгжүүлэн цэцэглүүлэхийн тулд хятадуудад баялгийг дахин хуваарилсаар байх нь. Эцэст нь, Тайваньтай эргэн нэгдэх зорилтоо эргэлзээгүй хэрэгжүүлэхээ Си Зиньпин мэдэгджээ. Түүнийг 10 жилийн өмнө төрийн эрхэд гарахад Хятад улс манай гаргийн хамгийн эрч хүчтэй орон байсан. 2010 онд Японыг гүйцэж түрүүлж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж, 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас “Ковид”-ын цар тахлын хоорондох 12 жилийн хугацаанд үндэсний баялгаа Хятад улс хоёр дахин өсгөж, нэг хүнд ногдох орлого нь Орос болон хөгжиж буй бусад орныг давжээ. Харин Си Зиньпиний үед эдийн засгийн өсөлт нь жилд 6-8 хувь болж удааширсан бөгөөд энэ онд Коммунист нам нь уг үзүүлэлтийг 5.5-тай байлгах даруухан зорилт тавьсан. Үүнийг 3-3.5 хувиас илүү гарахгүй гэж эдийн засагчид таамаглаж байна.
Яагаад Хятадын хурдацтай өсөлтийн эрин дуусав? Мөн Си Зиньпиний чиг бодлогоор тус улс хямралаас гарч чадах уу? Хятадад “Ковид”, шилжилтийн нас, дэлхийн хэмжээний хүндрэл гэсэн гурван үндсэн асуудал бий аж.
ХӨЛ ХОРИОНООС ТАТГАЛЗАХГҮЙ
Хятад улс “Ковид”-ыг тэглэх зорилт тавьсан нь эхэндээ дэлхийд эдийн засгаа түрүүлж сэргээхэд нь тус болсон. Гэвч эрт баярласан нь цагийн эрхээр тодорхой болов. Тус улс гурав дахь жилдээ байнгын хөл хорионд байна. Шинэ давлагааны эхний шинж тэмдэг илэрмэгц хүмүүсийг хот даяар нь түгждэг нь хэрэглээ, худалдаа, аялал жуулчлалыг сүйрүүлж буй. Эдийн засаг нь зогсонги байдалд орж, нийгмийн дургүйцэл нэмэгдсээр байна. Си Зиньпиний хэлсэн үгнээс хорио цээрийн дэглэмийг хөнгөвчлөх мэдэгдлийг олон хүн хүлээж байсан нь талаар болжээ. Үр дүнтэй вакцингүй, сүргийн дархлаа тогтоогүй үед Хятадын 1.5 тэрбум иргэнийг сул чөлөөтэй орхих нь эрсдэлтэй. Жишээлбэл, хүн ам нь дөрөв дахин цөөхөн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь илүү АНУ-д л гэхэд нэг сая гаруй хүн “Ковид”-оор нас баржээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЗАМААР “ХӨӨС”-ИЙГ ХАГАЛНА
Хятадын гол хямрал үл хөдлөх хөрөнгийн зах зээлийнх. Энэ нь дөнгөж эхэлж байгаа бөгөөд Си Зиньпиний толгойг дахиад хэдэн жил өвтгөх гэнэ. Сүүлийн жилүүдэд барилгын салбарын хурдацтай өсөлт нь Хятадын эдийн засаг асар их буюу 25 хувиар тэлэхэд нэмэр болжээ. Хүн амынх нь нийт баялгийн гуравны хоёр нь орон сууц. Уг өсөлт 1990-ээд онд хятадуудад орон сууц худалдан авахыг зөвшөөрснөөр эхэлж, хотжилтоор үргэлжилсэн. Хожим нь үл хөдлөх хөрөнгө нь хөрөнгө оруулалт, дамын наймааны гол объект болжээ. Хоёр жилийн өмнө эрх баригчид үнийг боломжийн түвшинд хүргэж, хоосон газар оруулсан мөнгийг бусад салбарт хөрөнгө оруулах, бүр илүү сайн хэрэглээ рүү чиглүүлэх замаар зах зээлд үүссэн “хөөс”-ийг хагалахаар шийдсэн.
Хятадын эрх баригчид барилгынханд зээл олгох нөхцөлийг чангатгаж, эрсдэлтэй хэд хэдэн компанийг дампууруулжээ. Ингэснээр үнэ буурч, хүмүүс орон сууц худалдан авахаа хойшлуулж, урт хугацааны барилгын ажилд зээл авч, хөрөнгө оруулахаас татгалзаж эхлэв. Энэ бүхэн банкуудад хүндрэл учруулсан байна.
Хятадад орон сууцын үл хөдлөх хөрөнгө бүхэлдээ 52 их наяд доллароор үнэлэгддэг. Хэрэв Хятадын эрх баригчид энэ хямралыг даван туулахгүй бол байдал хяналтаас гарч, 1990-ээд оны эхээр Япон, 2008 онд АНУ-д тохиолдсон шиг эдийн засгийн уналтад орж магадгүй. Хямрал биш ч зөвхөн орон сууцын зах зээлээр асуудал нь хязгаарлагдахгүй.
ДОТООД ЭРЭЛТИЙГ ГАДААДЫНХААР НӨХӨХ БОЛОМЖТОЙ
Хятад улс өсөлтөө гүйцэх боломжоо шавхсан бөгөөд эрх баригчид нь үүнийг хөгжиж буй эдийн засгийн замаас хэрэглээнд суурилсан хөгжингүй загвар луу шилжүүлэхийг оролдож байна. Гэвч хөгжил цэцэглэлтээс эд баялагт хүрэх зам нь ядуурлаас цэцэглэн хөгжихөөс илүү урт бөгөөд хэцүү. Нэгдүгээрт, хүн ам зүйн бодлого нь саад болдог. “Нэг гэр бүл, нэг хүүхэд” бодлого Хятадыг хөгширсөн орон болгосон. Мөн залуучуудын дунд ажилгүйдэл бараг 20 хувьтай байна. Хоёрдугаарт, өсөлтийн хөдөлгөгч хүч болох хотжилт, үйлдвэржилт нь бололцоогоо шавхжээ.
Боломжтой, хүссэн бүх хүн аль эрт тосгоноос хот руу нүүсэн бөгөөд тэнд хятадуудын 60 гаруй хувь нь амьдардаг. Аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн салбарт дутагдаж байсан бүх зүйл аль хэдийн бий болж. Ядуурлын жилүүдэд хуримтлагдсан нийлүүлэлтийн зөрүүг нөхөж, шинэ эрэлт бий болгох хурд хамаагүй удааширч байна. Дотоод эрэлтийн бууралтыг гадаадынхаар нөхөх боломжтой ч энд асуудал бий аж.
БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ НЬ ХУДАЛДАН АВАГЧ ХЭРЭГТЭЙ
Цар тахал нь даяаршлыг эрс удаашруулж, дэлхийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэр, хамгийн том хэрэглээний зах зээл, эрчим хүчний импортлогч, худалдаагаар тэргүүлэгч гүрэн болох Хятад улсын байр суурийг хөндсөн. Мөн цар тахлын дараа хөгжингүй орнуудад инфляц шинэ дээд үзүүлэлтэд хүрч, арван жил хэрэгжүүлсэн зээлийн хэт зөөлөн бодлогоосоо ухрав. Хүн ам, аж ахуйн нэгжүүдэд мөнгө үнэгүйдэж, юуны түрүүнд, гол нийлүүлэгч нь болсон Хятадын барааны хэрэглээгээ бууруулж байна. Нэмээд хагас тэрбум хүн амтай, дэлхийн хамгийн баян зах зээл болох Европт дайн болж байгаагийн улмаас олон улсад эрчим хүчний хямрал нүүрлэснээс Хятадын барааг худалдан авах Өрнөдийн хэрэглэгчид бүр ч багасжээ. Оросын нефть, хий, нүүрсийг хөнгөлөлттэй үнээр худалдаж авч буй түр зуурын ашиг нь алдагдлыг нөхөхгүй.
Харин Хятадад бэлэн бүтээгдэхүүнийг нь худалдан авагч хэрэгтэй. ЗХУ оршин тогтнож байсан 1990 оноос хойш анх удаа нефтийн эрэлт энэ жил гурван хувиар буурлаа. 2030 оноос хойш л хийн хэрэглээ эрс нэмэгдэх гэнэ. Мөн Оросын нүүрс Хятадын хэрэгцээний ердөө нэг орчим хувийг хангадаг аж.
ӨРНӨДИЙНХӨНТЭЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙНА
ОХУ-ын өдөөсөн дайны хоёр дахь таагүй үр дагавар нь Хятадын хувьд Өрнөдийн орнуудтай зөрчилдөөнөө хурцатгахад хүргэсэн явдал юм. Хонконг, уйгурчууд, Тайванийн асуудлаас болоод харилцаа хэдийн хурцадмал байгаа. Өрнөдийг стратегийн дайсан гэх Хятадын байр суурийг Си Зиньпиний сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй бодлого улам бататгах болов. ОХУ Украин руу түрэмгийлснийг буруушаахаас татгалзсан нь уг харилцааг бүрмөсөн сэвтүүллээ.
Хятад улс Оросыг зэр зэвсэг, мөнгөөр биш, зөвхөн дипломат аргаар дэмжиж байгаа тул АНУ өнөөг хүртэл хориг арга хэмжээ нэмж авахаас татгалзсаар байна. Гэвч Жозеф Байдены засаг захиргаа Дональд Трампын үед тогтоосон худалдааны хязгаарлалтыг цуцлаагүй төдийгүй Хятад руу технологи дамжуулах хоригоо чангатгасан юм. Худалдаа, нээлттэй байдал, “iPhone” гар утас, “Тесла” машин угсарч баяжсан улс Өрнөдийн орнуудтай хийдэг хамтын ажиллагаанаас зөрчилдөөн рүү аажмаар шилжиж эхлэв.
ГАЙХАМШИГ ТӨГСӨХ ҮҮ
Хятад улс хөгжих асар их нөөцтэй. Одоо байгаа асуудлыг хурдан шийдэхгүй ч гэсэн тус улсын эдийн засаг жилд дөрвөн хувиар өснө гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Энэ хурдаар Хятад улс дараагийн 10 жилийн дунд үед эдийн засгийн хэмжээгээрээ АНУ-ыг гүйцэж, түрүүлэх гэнэ. Хэрэв бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж, Өрнөдийн орнууд хямралаас зайлсхийвэл эдийн засгийн өсөлт нь таван хувиас давж магадгүй юм. Тэгвэл 2020-2035 он хүртэл эдийн засгаа хоёр дахин өсгөх Коммунист намын зорилт биелнэ гэж “Bloomberg”-ийн эдийн засагчид тооцоолжээ. Үүний тулд “Ковид”, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралыг хурдан даван туулахаас гадна тэтгэврийн насыг нэмэх, хүн амын нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, томоохон хувийн бизнест халдахаа зогсоох зэрэг эмзэг бөгөөд өндөр өртөгтэй шинэчлэл хийх шаардлагатай.
Өрнөдийн орнуудтай харилцаагаа сайжруулах нь хор хөнөөлгүй. Хятад улс нөлөөллийн хүрээгээ тэлэхийг хичээж, гадаадад идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байна. Тус улс дэлхийд хамгийн томд тооцогдох армитай, цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд суудалтай. Гэсэн ч эдийн засгийн хувьд тэдгээр оронтой сөргөлдөх бүр ч хэцүү. Хятадын ДНБ 20 их наяд доллар буюу дэлхийн эдийн засгийн 20 орчим хувийг эзэлж буй. Тэгвэл дэлхийн эдийн засгийн 25 хувийг АНУ, өндөр хөгжилтэй орнууд 60 хувийг бүрдүүлдэг аж.
Си Зиньпинд энэ бүх асуултад хариулахад ердөө таван жил л байна. Үндсэн хуулийн өөрчлөлт түүнд насан туршийн засаглалыг амлаж чадахгүй. Таван жилийн дараа дахин их хурал, дахин нууц тэмцэл өрнөнө. Амжилт олох, эсэх нь улс орноо хэрхэн хөгжүүлэхээс шууд хамаарах нь.
“Коммунист намын улс төрийн хууль ёсны байдал нь нийгэм, эдийн засгийг сайжруулахад суурилдаг. Дундаж хятадууд бүх зүйл сайнгүй байгааг мэдэрч буй. Иймээс сүүлийн хэдэн арван жил Хятад улсын дассан өсөлтийн хурдыг эгүүлэн сэргээх нь хүнд сорилт болж байна” гэж Сингапурын судалгааны RSIS төвийн ажилтан Коллин Кох тайлбарлав. Хэрвээ Си Зиньпин дөрөв дэх удаагаа улиран сонгогдоно гэвэл 10 жилийн дараа Хятад улс 80 настай, 20 жил завсаргүй эрх барьсан удирдагчтай байхыг ВВС онцолжээ.