Хил хамгаалах байгууллагад хүний амь үрэгдсэн, эрүүл мэндээрээ хохирсон осол, зөрчил дахиад л гарлаа. Энэ удаа 2022 оны II ээлжээр хилийн цэргийн ангид хуваарилагдсан шинэ цэргүүдийг тээвэрлэж явсан автомашин өчигдөр онхолджээ. Хэнтий аймгаас цэргийн албанд татагдсан залуусыг тээвэрлэж Дорнод аймгийн Матад сум дахь 0306 дугаар ангид хүргэхээр явж байсан 12-59 ХЦА улсын дугаартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн FAW загварын тээврийн хэрэгсэл Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг, Их таран гэх газарт засмал зам дээр явж байгаад онхолдсон аж. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийнхан шалгаж буй гэнэ. Ослыг харсан хүмүүсийн мэдээлснээр цэрэг тээвэрлэж явсан автомашины чагтан гол нь хугарсан байх магадлалтай гэнэ. Тухайн автомашинд шинээр татагдсан 17 цэрэг, хоёр ахлагч, нэг офицер явсан бөгөөд зургаа нь гэмтэж Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн байна.
Үүнээс гадна Дорнод аймгийн Халхгол сум дахь 0198 дугаар ангид цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан осол гарчээ. Тус ангийн жолооч, ахлах ахлагч С гэх 44 настай хүн том оврын ачааны автомашинд засвар, үйлчилгээ хийж байгаад дарагдаж нас барсан гэнэ. Хилийн цэргийн анги байгууллагад сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд хоёр ч хүний амь үрэгдсэнд ХХЕГ-ын удирдлага, Хууль зүй, дотоод хэргийн сайд дүгнэлт хийх цаг болсон бололтой.