Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийнхэн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан 31 настай О.Пүрэвсүрэн гэх эмэгтэйг саатуулан шалгаж байна. Түүнд холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байсан ч сэжигтэн үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр ТЕГ-т харьяалал тогтоож шилжүүлсэн аж. Дэд ахлагч цолтой О.Пүрэвсүрэн цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа хамт олныхоо эд зүйлийг хулгайлсан, бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдэж, багагүй хэмжээний хохирол учруулсан юм байна.
Гэвч Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагчид түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авалгүй, хил нэвтрэхийг хориглосон тогтоолоо Хил хамгаалах байгууллагад хүрг үүлээгүйгээс сэжигтэн хил давж оргожээ. Тус албаны ажилтнуудын хайхрамжгүй үйлдлийг анхааралдаа авч, цаашид ийм явдал гаргахгүй байх талаар мэдэгдэл Нийслэлийн прокурорын газраас Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаад хүргүүлсэн гэнэ.
Сэжигтэн О.Пүрэвсүрэнг 2008-2009 оны үед дээрх хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд энэ хугацаанд тэрбээр өөрийнхөө нэрээр болон О.Саруул гэх хуурамч нэрээр хэд хэдэн удаа улсын хил нэвтэрсэн аж. Тэрбээр О.Саруул гэх иргэний хуурамч үнэмлэх, гадаад паспортыг хуучнаар ИБМУТийн танилуудаараа гаргуулсан гэнэ.
Г.ОРЧЛОН