Баянзүрх дүүрэгт энэ оны зургадугаар сарын 17-нд 20 настай бүсгүйн амийг хохироож, цогцсыг нь шатааж, булсан ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг Баянзүрх дүүргийн харьяат, 16 настай Н.Ганжаргал, Э.Ууганбаяр нар үйлдэж, маргааш нь талийгаачийн машиныг жолоодож явахад нь Замын цагдаагийн ажилтнууд саатуулан, уг хэргийг илрүүлсэн юм. Тэд хохирогч Б-гийн цогцсыг Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг, Шархадны гэр хорооллоос цааш байдаг хогийн цэгийн орчимд, жалганд нуусан байсан юм. Хэргийн газрын үзлэгээр талийгаачийн цогцсыг гэмт хэрэгтнүүд ул мөрөө баллахын тулд шатааж, булсан байсан юм.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн шүүх өчигдөр 12.00 цагт хаалттай хэлэлцлээ. Шүүгдэгчид насанд хүрээгүй учраас хуулийн дагуу хаалттай хэлэлцэж буй юм. Нийслэлийн прокурорын газраас тэдэнд зохион байгуулалттайгаар, урьдчилан үгсэн тохиролцож, шунахай, сэдэлтээр, уулгалан довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хүний амь хөнөөсөн, галдан шатаасан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Шүүх хурлаас гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон гэж үзээд дээрх хоёр хүүхдэд 15 жил хорих ял оноолоо.
Г.АРИВЖИХ