УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улс дефолт зарлах уу сэдвээр сэтгүүлчдэд зориулсан албан бус уулзалт өчигдөр хийв. Тэрбээр “Олон улсад эдийн засгийн хямрал 12 жилийн зайтай нүүрлэдэг бол Монголд 4-5 жил болоод шинэ хүндрэл тулгарч байна. Бид ирэх жил их хэмжээний өр, төлбөр төлөх ч мөнгө байхгүй. Зөвхөн бондуудаа эргүүлж төлөхөөс гадна шатахуун худалдан авч, импортоо санхүүжүүлэхэд багагүй зардал гаргана. Мөн долоо хоногийн өмнө Монголын бондуудын ханш унасан бөгөөд хоёрдогч зах зээлээс авах хүнгүй боллоо. Эдгээрээс үүдэн ирэх жил дефолт зарлах өндөр эрсдэл үүссэн” гэв. Тиймээс төсөв, халамжаа танахыг уриалж, орлого өндөр өрхүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй байх, хүүхдийн мөнгийг эцэг, эхийн орлоготой уялдуулж өгөхийг уриалав. Үүнээс гадна төсөв болон мөнгөний бодлого уялдахгүй явж ирсний улмаас Төвбанкны үйл ажиллагаа доголдохын зэрэгцээ Монгол Улсын төсөв дөрвөн жилд хоёр дахин нэмэгдсэн нь дэлхийд баймгүй үйл явц болсныг тэмдэглэлээ.